Эх сурвалж: Itoim.mn
Capын өмнө B продакшны албан ёсны Youtube сувгаар “Cool and Bad” хэмээх дуу цацагдаж, одоогоор 100 мянга гаруй хандалт аваад байна. Энэ дууг 16 настай, ЕБ-ын 50 дугаар сургуулийн сурагч Баттулгын ЭМҮҮЖИН дуулсан юм.
Тэрээр энэ оны зургадугаар сараас В продакшнд харьяалагдан эхний дуугаа цацаж, одоо хоёр дахь уран бүтээл дээрээ ажиллаж байгаа юм байна. Ингээд насандаа баймгүй өвөрмөц хоолой, өөрийн гэсэн үзэл бодолтой Б.Эмүүжинтэй ярилцсанаа хүргэж байна.
-Урилга хүлээн авсан баярлалаа. Сүүлийн үед шинэ залуу уран бүтээлч олноор төрж байна. В продакшн бол улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн том продакшн, дээр нь та 16 настай гээд л шинэ залуу уран бүтээлчдээс таныг онцолж ярилцах шалтгаан олон байлаа. Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Урьсанд маш их баярлалаа. Намайг Эмүүжин гэдэг. Би В продакшн 440 Hz студийн артист. Багаасаа л урлагт дуртай, хайртай хүүхэд байсан нь намайг артист болоход нөлөөлсөн байх. Би жилийн өмнөөс өөрөө дуугаа хийж, түүнийхээ үр дүнд В гэх том продакшнд саяхнаас харьяалагдах боллоо.
Миний хамгийн эхний дуу болох “Cool and bad” дууныхаа үгийг би өөрөө бичиж, аяыг нь Энхзориг продюсер, найруулагчаар нь Булгуун, миксер мастер дээр нь Цогтоо TJ, хоолойны көүчөөр Шинээ ах ажилласан байгаа. Харин ерөнхий продюсерээр Д.Болд ах ажилласан.
-Жилийн өмнөөс өөрөө дуугаа хийгээд тэр нь В продакшнд ороход нөлөөлсөн гэлээ. Урлагт хөл тавихыг хүссэн эсвэл дуртай нэг нь танай продакшнд орж чадахгүй байх. Та яаж орсон юм бэ?
-Дуу цацагдсанаас хойш маш олон хүн энэ талаар асууж байна. Би өмнө нь дуунуудаа утсан дээрээ хийчихээд хадгалаад л яваад байдаг байсан юм. Тавдугаар сард гэхэд хоёр цомог гаргах хэмжээний дуу хийсэн байсан. Тэгээд найзуудтайгаа бөөнөөрөө сууж байгаад энэ дуунуудаасаа нэгийг нь гаргачихъя гээд утсан дээрээ клипжүүлээд өөрийнхөө нэг суваг дээр тавдугаар сарын 5-нд цацсан юм.
Тавдугаар сарын 31-нд одоо намайг продюсерлэж байгаа Энхзориг ах холбогдон хоёр хоногийн дараа студи дээр ирж шалгуулахыг хүслээ. Тийм том продакшн надад хүсэлт тавьж байхад би бөөн баяр болж байгаа юм чинь. Тэгээд очиж шалгуулж, өөрийгөө танилцуулахад намайг магтаж тэр өдрөө шууд л орсон.
-Тэгэхээр орсноосоо хойш гурван сарын хугацаанд анхны дуугаа цацаж, одоо хоёр дахь дуун дээрээ ажиллаж байгаа юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Эхний дуу бол “Future Bass” гэдэг жанр. Монголд иймэрхүү төрлийн дуу байдаггүй. Шинэлэг содон зүйл хийе гээд энэ дуугаа цацсан. Одоо ажиллаж байгаа дуугаа хуучны жанраар хийх гэж байгаа. Сонсогчиддоо зориулаад сэтгэлийнх нь утсыг хөндөхүйц дуу хийнэ.
-Хайрын тухай дуу юу?
-Тийм ээ /Инээв/. Нуулгүй хэлэхэд 2000-аад оны стильтэй дуу байх юм.
-16 настай хүүхэд хайрын тухай дуу дуулна гэхээр их сонирхолтой санагдаж байна шүү. Эмүүжинд тайзны нэр байдаг уу?
-Хоёр жилийн өмнө миний тайзны нэрийг Эмилиа гэдэг байсан. Тэгээд дуугаа гаргахаас хоёр долоо хоногийн өмнө продюсер Энхзориг ах Эмилиа гэдэг нь гоё нэр байна, гэхдээ түгээмэл юм. Тиймээс Эмүүжин гэдгээр нь байлгая. Эмүүжин гэдэг нь ховор нэр бөгөөд тайзны нэр болоход боломжтой юм байна гэсэн. Тэгээд л өөрийнхөө нэрээр дуугаа цацсан даа.
-Одоо 11 дүгээр анги юм байна. Дараа жил төгсөөд дуучны карьераараа явах уу?
-Энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаа. Яг таг ийм мэргэжил гээд сонгочихоогүй л байна.
-Дуучин болохгүй гэвэл ямархуу мэргэжилтэй болох вэ?
-Би хүмүүстэй харилцах дуртай. Олон хүнтэй уулзаж, ойлголцдог ажил байвал надад гоё санагдах байх. Тиймээс нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ч юм уу гээд л яг алийг нь сонгохоо хэлж мэдэхгүй байна.
-Дуучин Эмүжин биш сонсогч Эмүжингээс асууя. Урлагийн хүнийг ямар байх ёстой гэж боддог вэ?
-Яг тийм байх ёстой гэсэн зүйл байхгүй байх. Хамгийн түрүүнд тэр хүн өөрийнхөөрөө байх ёстой л гэж бодож байна. Урлаг гэдэг дахин давтагдашгүй, өвөрмөц зүйл шүү дээ. Тиймээс шинийг санаачлагч байж, түүнийгээ бусдад түгээдэг хүн байвал гоё. Хоёрдугаарт, урлагийн хүн соён гэгээрүүлэгч байх ёстой гэж бодож байна. Урлаг гэдэг хүнийг өөр өнцгөөс харуулдаг, маш эерэг зүйл. Урлагийн хүн эерэг зүйлийг төлөөлж байгаа учраас эерэг байж бусдын үлгэрлэн дууриах гоё хүн байх ёстой юм болов уу.
-Урлагийн хүн бусдын үлгэрлэн дуурайх гоё хүн байх ёстой гэлээ. Таны үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?
-Дуучин Рианна. Яагаад гэвэл тэр зөвхөн дуучин биш. Жүжигчин, бизнесмэн бас дээрээс нь маш сайн илтгэгч. Миний бодлоор маш мундаг хүн. Жинхэнэ утгаараа инфлүнсер гэж хэлнэ.
-Рианна ч мундаг шүү. Харин Монголоос ямар хүнийг үлгэрлэдэг вэ?
-Заавал урлагийн хүн байх албагүй тийм ээ?
-Тийм ээ?
-Сангийн дэд сайд байсан одоо УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг дагаж, үлгэр дуурайлал авдаг. Надад маш гоё хүн шиг санагддаг. Бүхэл бүтэн Йелийн их сургуулийг төгссөн, эерэг энергитэй хүн. Би тэр хүний бүх ярилцлага, оролцсон нэвтрүүлгийг үзсэн. Эмэгтэй хүний гоё шинжүүдийг би тэр хүнээс олж хардаг. Би бараг л шүтэн бишрэгч нь. Боломж гарвал уулзаж, ярилцана гэж найдаж байна.
-Хүмүүс бас сонирхож байсан л даа. Танай продакшны тантай насаар ойролцоо уран бүтээлч Нэнэ гээд охин байдаг. Цаашдаа хамт дуу хийх болов уу гэж их асуусан байна лээ?
-Нэнэ бид хоёр хамт уран бүтээл хийх талаар ярилцаж байгаа. Яг ч баттай бол биш. Гэхдээ хийх байх гэж найдаж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд та өөрийнхөө цаашдын зорилгыг хуваалцахгүй юу?
-Урт хугацаандаа зорьсон зүйл их байна. Ойрын хугацаанд бол часхийсэн цомог гаргахаар хичээж байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.