Монголын урлагт сувилагч мэргэжилтэй мөртлөө урлагт урваж алдар нэртэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг бол ХЦДБЧ-ын гоцлол дуучин УГЖ Ганчимэг. Дуурийн нэртэй дуучин Ерөө багшийн шавь тэрээр харьцангуй залуудаа алдар цол хүртсэн нэгэн.
Концертын байгууллагын дуучдаас анх удаа Итали улсад мэргэжил дээшлүүлсэн Ганчимэгийг мэргэжил нэгтнүүд нь авьяастай, хөдөлмөрч нэгэн гэж үнэлдэг.
Сувилагчийн ажлаа орхиж ҮДБЭЧ-ийн дагалдан дуучнаас урлагийн гараагаа эхэлсэн Ганчимэг СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсөөд дуурийн театрын өндөр босгыг давж, найрал дуучнаар хэдэн жил ажилласан. Гэвч тэрээр бие даасан соло уран бүтээлээ хийхээр зориглож ХЦДБЧ-д орсон нь оносон билээ.
Дуучин Ганчимэг “Анхны хайрын дууль” киноны дуу, “Чиний минь ирэх харгуй” зэрэг хэд хэдэн сайхан дууг дуулж амьдруулсан. Үеийнхнээсээ анх удаа гавьяат жүжигчин цол хүртсэн Ганчимэг өөрөөсөө 22 насаар ах хижээл эртэй гэрлэж аз жаргалтай амьдарч байгааг мэдэх хүн ховор.
Гавьяатын хань Баттөмөр залуудаа Цэргийн чуулгын бүжигчин жавхаалаг эрчүүдийн нэг явжээ. Анхны ханиа алдаад зургаан жилийн дараа залуухан, царайлаг дуучин бүсгүйтэй ханилсан Баттөмөр гуайг үе тэнгийнхэн нь “Хүүхний тэнгэртэй эр” гэж цаашлуулдаг гэнэ.