Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн удирдлагуудад замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгчээ. Энэ хүрээнд Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас төр захиргааны байгууллага 09.00 цагаас ажил эхлэх, орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох, зүүн эргэлтүүдийг хориглох зэрэг хязгаарлалт тогтоосон бол цаашид дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.
-Сургуулийн автобусны тоог 200-гаар нэмнэ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 266 сургуулиас 71 нь л автобустай байна. Энэ нь 160 мянган хүүхдийн 4000 нь л сургуулийн автобусаар зорчдог гэсэн үг юм.
-Нийслэлийг гурван бүсэд хувааж авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх. Тэрхүү бүсийн хязгаарлалтаас хамаарч, зогсоолд машинаа тавих хугацаа, мөнгөн дүн өөр байх юм.
-Нийтийн тээврийг боловсронгуй болгох. Нийтийн тээврийн тоог нэмэхээс гадна, дүүжин тээврийг нэвтрүүлэх, ажилчид, сургуулийн автобус явуулах шаардлагатай аж.
-CAR SHARE нэвтрүүлэх. Жишээлбэл, ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлаар түгжрэлд стресстэхгүй зорчих уриалга гаргах.
-Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явах
-Зах, худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах
-Хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох
-Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг нийслэлийн төвийн хэсгээр цагийн хязгаарлалттай явуулах боломжийг судалж байгаа юм байна.
Энэхүү түгжрэлийг бууруулах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай шийдвэрлүүлэх, шаардлагатай зүйлсийг сонгож, хуулийн хүрээнд түгжрэл буруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.