Манж, төвдийн хааны өргөөнд алба гувчуур төлдөг ханлиг улсын хаад, ноёдын хүүхэд суралцах нэрээр амьдарч байсан гэдэг юм. Нэг талаараа суралцаад байгаа мэт үзэгдэвч тухайн орны угсаа залгах хөвгүүдийг голдуу барьцаа болгон суулгадаг байжээ. Хэзээ ч урваж мэдэх, татвараас зугтаж мэдэх түнш, хаадын хөвгүүдийг итгэл найдварын баталгаа болгон суулгадаг байжээ зайлуул. Эртний түүхийг санагдуулам үйл явц өнөөдөр Төрийн ордонд өрнөж Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр Намбарын Энхбаярын хүү Батшугар очдог байна шүү.
Түүнийг 2020 оны сонгуулиар уйлах, инээх хоёрын хооронд сонин царай гаргахад л олон нийт мэддэг болсон. АНУ-ын Бентлигийн Их сургууль төгссөн ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй “Рембиф” компанийн захирал тэрээр аавынхаа дэмжлэгтэйгээр Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан билээ. “Би улс төрч шиг (аав шигээ) сайн ярьж чаддаггүй” гэх тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид юу зөвлөх вэ. Түүнийг юу зөвлөх, албан тушаалд очих зэрэг нь сонин биш бөгөөд Х.Баттулга, Н.Энхбаярын хоёрын тохироо сонин байгаа юм.
“Авлигын Загалмайлсан эцэг”-ийг жигшдэг ч Дон Корлеоне бол шүтдэг Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө улс төрийн гуравдагч хүчнүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэхээр шийдэв. Энэ үйл явдлын барьцаа, гарын алчуур (Тунгалаг Тамир кинон дээр Төмөр Хонгорт морь өгдөг дөө) болгон Н.Энхбаяр хүүгээ өгч Х.Баттулга итгэлцэл, нөхөрлөлийн барьцаа болгон Батшугарт албан тушаал өгөв үү дээ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх намын гишүүдийн шахалтаар нэр дэвших магадлал үүсэнгүүт “Шаварт унасан шарын эзэн” Х.Баттулга холбоотнууд бий болгож буй нь АН-ын гишүүдийн дургуйг хүргэж эхлэв бололтой. Н.Энхбаяртай огт төсгүй (Царай төрхны тухай биш) Батшугар гэдэг мөрий, морины хазаарт явдаг үрээ шиг залуугийн ирээдүйгээр эд нар наадаж буйгаа мэдэж л байдаг байх даа.