-Ардууд хураалгаж авлигачид халаасладаг самрын бизнесийн схем-
Хоёр жил өнжөөд хушны самар гарч хэрэм иргэд хоёрын хооронд дайн байлдаан, амьд үлдэхийн төлөөх тэмцэл өрнөнө. Гэхдээ энэ тулаанд гэр хорооллынхон ялдаггүй юм.
Тэднийгбуугаад ирэнгүүт уулын ам бүр дээр ой хамгаалагхч, мэргэжлийн хяналтын байцаагч нар кино дээр гардаг “Их замын дээрэмчид” шиг отоод зогсч байна. Тэдний хажуугаар өнгөрнө гэдэг Хойд солонгосчууд Хятадын хил рүү орохоос ч хэцүү.
Буу сэлмээ хураалгаж буй мэт хэд хоног түүсэн “хөдөлмөрөө” хураалгасан борчуул “олзлогдсон” цэрэг шиг уруу царайлан бууцгаана. 37 оны хөрөнгө хураагч шиг ойн хамгаалагч, мэргэжлийн хяналтын байцаагч хоёр уул овоо шиг болсон шуудайтай самраа хур борооноос хамгаалж байтал байлдааны “Урал” машинууд орилсоор ирнэ. Энэ машиныг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга явуулсан байдаг юм.
Ой хамгаалагч, мэргэжлийн хяналтын байцаагч хоёр том нохойд хоолоо булаалгаж буй гөлөг шиг гийнахаас цаашгүй. Ингээд дүүргийн дарга гэнэт баяжиж “Урал” машинаар уулын ам бүрээс татсан хэдэн зуун тонн хураасан самраа өөрийн юм шиг агуулах сав олон нөөцлөж “Нэг ч кг дутааж болохгүй. Улс хураасан самар шүү” гэж зандарна. Тэгээд нөгөө харуул, байцаагч нартаа итгэхгүй үе үе давхин очиж хянах болно.
Хужаа нар нэг кг самрыг 2500-5000 хүртэл төгрөг авч хорхой гозогнуулж байхад Нийслэлийн Мэргэжлийн удирдлага давхин ирж тооллого хийнэ. Нийслэлийн удирдлагууд иргэдээс хураасан энэ их самраа яах вэ, устгах гэж гэж байхад нэг эрхэм дарга нар “Ер нь энэ их самраа зүгээр устгаж байхын оронд хятадуудад зарж улсад орлого оруулья” гэж мэргэн санаа сэднэ. Ер нь жил бүр ийм мэргэн санаа сэддэг нөхөр л дөө.
Түүнийг эх орондоо элэгтэйг магтаад хятадуудад нэг кг самрыг 1000 төгрөгөөр зарахаар болно. Үнэгүй хаях гэж байсан самрыг зараад улсад орлого орууллаа болоо юм биш үү гэсэн аархал тэндээс үнэртэнэ. Хэдэн зуун тонн самар хятад компанийн мэдэлд очин дарга нар 1500 төгрөгөө хувааж авахаар хээр гарцгаана.
Зах зээл дээр 5000 төгрөгөөр олдохгүй байгаа самрыг тал үнээр нь авсан хятад ноёд баяртай байхад 1500 төгрөг буюу 10 тэрбум төгрөг хуваах болсон эрхэм дарга нар гараа үрнэ. (Самрын бизнес намартаа 60 тэрбумаар эргэдэг гэх юм билээ шүү)
Хэрэмнээс дээрэмдсэн самар зүгээр ч Хятад руу гараад явчихгүй л дээ. Манай БОЯ, Гаалийнхан “Түүхий самар нэвтрүүлэхгүй” гэж новширсон байдаг юм. Хил дээр 80 чингэлэг самар гацаж авлига албан тушаалын үүд хаалга тогшиж эхэлнэ. Цаг явж хураамж татвар хоёртой зэрэгцэн Орос Монгол хоёрт ургадаг хушны самар алт шиг үнэтэй болно. Яг ийм схем жил бүр явагддаг учраас борчуулын самрыг эрхэм дарга нар дээрэмддэг юм.
Та бүхэн санаж байгаа бол Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын дарга Л.Бямбасүрэн (Одоо дэд сайд байна уу), Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хэлтсийн дарга Д.Одхүү нарын холбогдсон самрын борлуулалтыг илчилж М.Баасандорж зуугдаад ажил амьдралгүй болсон дуулдсан. Байгаль Орчны сайд Д.Оюунхоролын сонгуулийн менежер Д.Даваасамбын 140 сая төгрөг өрөөндөө гардуулсан хэрэг ч самартай холбоотой. Хамгийн сонирхолтой нь хураасан чингэлэгтэй самрууд ор сураггүй алга болсон байдаг юм. 27 чингэлэг самар дотор алт гарч шуугиан тарьж байсан билээ.