Нутгаа санасан сэтгэлтэй
Нуруу нь гандсан дээлтэй
Сайн эрд туугдсан
Адуу хүртэл хийморьтой,,,
/Яруу найрагч Х.Чилаажав/ 1990 оноос нэг хэсэг нь гэлтгүй ард түмний амьдрал уруудан доройтож нийтээрээ шахуу ядуу буурай амьдрал руу гулсан орох хэцүү он цагтай нүүр тулах үед мал хулгайлах гэмт хэрэг гаарч тахлын хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй ээ. Тэр ч бүү хэл аймгийн Цагдаагийн хэлтэс, тасаг бүгд л “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан хамгаалах тасаг”-тай болсон юмдаг. Цаашлаад бүр УИХ-ын гишүүд эргүүийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад мал хулгайлах гэмт хэргийг тусгай бүлэг бий болгох санал хүсэлт яригдаж байлаа. Энэхүү ороо бусгаа цаг үед Хэнтий нутгаас дээрхи гэмт хэргийг үйлдэж гаршсан сайхан гарууд олноор бий болж малчин түмний зүрхэнд шар ус хуруулж, бэлчээр дээр нь хонуулсан тохиолдол олонтой гарсан юмдаг.
Жишээ нь Жаргалтхааны “Бүдүүн дуут” хочит Мягмарсүрэн, “Буузан” Ганбат, Идэрмэг сумаас гаралтай Гомбын Цогт, Дадалын Дамбын Алтанцолмон, Биндэрийн “Анга” хочит Гамбаа, Өмнөдэлгэрийн “Дэлдэн” Энхтүвшин, Батширээт сумын харьяат Тунгалагийн Доржсүрэн гээд малчдын ажиргаанд хууль бусаар халдаж, тэдний эсрэг муу үйл хийсэн этгээдүүдийг тоолоод барагдахгүй. Хэнтий аймаг мал хулгайлах гэмт хэргээр олон жил улсад толгой цохиж байх вэ дээ.
Тэгвэл энэ гэмт хэргийг үйлдэхдээ Монгол нутгаасаа биш Оросын Холбооны улсын хил рүү цөмөрч ороод хэд хэдэн хамтрал тосгодыг адуугүй болгох шахаж гайхшируулсан нэгэн дуулиант эрийн тухай энд одоо дурсах болно. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Гомбосүрэнгийн Эрдэнэбат гэх нөхөр 1961 онд төрсөн /үхэр жилтэй/ тэрээр багаасаа эмээ өвөө хоёрынхоо гар дээр эрхэлж өссөн хүүхэд аж. Түүний ээж нь хойно хуучинаар Зөвлөлт Холбоот улсад дээд сургуульд сурч байхдаа нэгэн орос залууд дурлаж түүнээсээ хүүхэдтэй болж гаргаад зуныхаа амралтаар нутагтаа ирэхдээ аав, ээждээ өгчихөөд буцаад сургууьдаа явсан юмсанж.
Өвгөн хөгшин хоёр охиныхоо хойд хөршөөс гэдэсэндээ тээж ирсэн ганц хүүг нь хөл газар хүргэхгүй хайрлаж өсгөхдөө “Онгожий” гэж энхрийлэн дуудах болсноор яваандаа энэ нэр нь олны нэр болж хувирчээ. Түүнийг Д.Эрдэнэбат гэвэл Дадал сумынхан лав танихгүй. Харин “Онгожий” гэвэл Хэнтийн хойд сумынхан бүгд андахгүй ээ. Анх тэрээр 1988 онд засаг адуу тараасан хэргийн учир ШШГЕГ-ын харъяа, Өндөрхааны хорих 419-р ангид ял эдлээд гарчээ. Тэр шоронгоос гараад монгол ахан дүүсээсээ өнчин ишиг ч хулгайлж аваагүй гэж тангараг өргөсөн гэдэг.
Тэрбээр Орос Холбооны улсын хил давж ороод хамтралын өмч болох томсок адууг бол хуу хамжээ. Эхний үед Оросууд Онгожийд алдсан адууныхаа тоог гаргаад Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргахдаа “Танай нутагт харьяалагдах Дадал сум нь манай улсын хилтэй залгаа оршдог бөгөөд манай хамралтай хамгийн ойрхон сум юм байна.
Тус сумын иргэн албан ёсныхон нэрийг мэдэхгүй Онгожий гэх этгээд манай хамтралын өмч болох 300 гаруй адууг хэдэн хэдэн удаагийн үйлдлээр хулгайлж ард иргэд болон хамтралд маань маш их хэмжээний гарз учруулаад зогсохгүй дахин ялт үйдлээ хийхээр удаа дараа бүрэн эрхэт улсын хил давж гэмт хэрэг үйлдэж байгаа тул энэ засрахгүй оргодлын манай улсын мэдэлд шилжүүлж өгнө үү” гэж албан тоот явуулснаар Хэнтий аймгийн цагдаагийн алба хаагчид “Онгижий” гэдэг архаг малын хулгайчын эрэлд хатах болжээ. Тэрбээр мань этгээд хойшоо Оросын хил гарч хулгай хийхдээ үхэр гэхэд л дал гаруйг шууд л туугаад ирдэг байж. Гэвч үйл тамаа идэж нойр хоолгүй зүтгэн байж хулгайлсан малаа зүгээр “Тоорой банди” шиг л айл өрх, гуйсан хүмүүст хариу нэхэхгүй тараагаад өгчихдөг сонин зантай хүн байж.
Түүнийг эд хил давж хулгай хийж байх цаг дор Монголд шинэ үеийн уяачид олнооороо төрж, эрлийз адуутай болохын хорхойд автаж эхлэх нь тэр. Энэ цаг үед Онгожийтэй гар нийлэн адуу тууж явсан этгээд бол “Охиноо”хочит Аюурзана гэдэг Баян-Адарга гаралтай нөхөр бий. /Баян-Адарга сум бол хуучнаар Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу. Энэ нутгаас наймдугаар богд Жавзундамба Дондогдулам, Гэнэнпил гэдэг хүүхнүүдийг хатнаа болгон авч байсан юм/ Энэ этгээд Онгожийтэй олон ч удаа буруу аргаар мал тууж яваад баригдаж “Аавын”-д ороод гарчээ. Гэхдээ тамтаггүй их адуу хуссан ч баасаа гартал ял авч шоронд махаа зулгаагаагүй аж.
Тэрээр ярихдаа “Би Онгожийтэй эр хүний жудагаар сайхан нөхөрлөж явлаа. Яахав дээ залуу нас юм хойно будилж л байлаа. Оросын холбооны улсаас тууж ирсэн адуугаа сумын засаг даргадаа хүртэл шахаж байсан гээд боддоо. Нэг жил Онгожий бид хоёр хот ороод жаахан тансаглаж байгаад мөнгө дуусдаг байгаа. Ингээд нутаг буцах зардалгүй болчихоод сэнсэрч явтал “НИК”-ын гэх тодотголтой Энэрэлт гэдэг моринд нугасгүй “хобби”-той уяачтай таарлаа шүү. бид хоёр хотод ирээд мөнгө байхгүй болоод гудамжинд гансарч явна. Та бид хоёрт хэдэн төгрөг өчвөл дараа танд хойд Орос улсаас гаралтай “Томсог адуу”-г хэд л бол хэдээр нь тууж ирэээд өгнө гэлээ.
Энэрэлт уяачын нүд нь сэргэж шууд л нэг сая дөрвөн зуун мянган төгрөг тоолоод өгдөг байгаа. Бид хоёр түүнээс авсан мөнгөөрөө хэдэн өдөр хотод вар саваар жаргаж байгаад нутагтаа очоод ядарч явахад минь харж үзэж, бондойлгосон Энэрэлт ахынхаа ачыг хариуллахаар Оросын хил давж нилээн гүн ороод буурал хүрэн азаргатай 78, тооны томсог адуу оруулж ирээд 11 тооны адууг шөнө голдуу тууж явсаар богдын хүрээ орж Энэрэлт ахдаа өгсөн юмдаг. Гэтэл Энэрэлт ах бид хоёрын тууж очсон адууг заримыг нь өгсөн мөнгөнийхөө өрөнд авч байлаа.
Мөн алдарт уяач “Оогоо” буюу Отгонсайханд халтар даага өгсөн. Энэ даага их хурдан адуу болсон. Улсын наадамд тавлаад “Тамирын хурд”-ад мөн айргийн тавд орсон юмдаг. “Макс”-ын Гамбаад хул халзан үрээ өгсөн энэ морь сүүлдээ “Таван цагаан” гэдэг алдартай хурдан хүлэг болоод соёолондоо улсын наадам болон “Замарын хурд”-ад түрүүлж билээ. Тэр бүү хэл Монгол улсын манлай уяач Дамбадаржаагийн Онон гээд олон хүнд эрлзийз адуу их өгсөндөө. Яахав гардаж үйлдсэн болохоор бид хоёр л буруутана. Ямар уяачид хулгай хийгээд бид хоёрт адуу өг гэж захиалга өгсөн биш. Адуу шүтдэг мэддэг хүмүүс чинь сайхан морьд хараад буруу гарын юм байна даа гэж гадарлаж байсан ч өөрийн эрхгүй шууд л хорхой нь хүрээд авна шүү дээ” гэж морин дэлэн дээр манаргаж явснаа хуучилж байсан юмдаг. Тэрбээр 2001 оны намар Хэнтий аймгийн Цагдаагийн газрын харьяа Бидэр сумын цагдаагийн тасгийн дарга хошууч, “Балин” хочит Баярсайханаар ахлуулсан эрлийн хэсэг Төв аймгийн Мөнгөнморьт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын залгаа нутаг Юдэг гэдэг газар отолт хийжээ.
Учир нь Хэнтийн хойд сумдаар хэсэг бүлэг хазаар гүйлэгдэг хулгарууд Биндэр сумын Сэрүүн Галттайд хэд хоног архидажээ. Энэ хүнд гарууд дотор Ангын Ганбаа гэсэн оргож босоод баригдахгүй эрэн сурвалжлагдаж байгаа цагдаагийн газрын шүдний өвчин болоод байгаа нөхдүүд архи ууж наргиаж байгаад хойшоо хил гарч хулгай хийхээр бэлтгэж байна гэсэн “шуум” иржээ. Цагдаагийнхан өмнө нь Онгожийг барих гэж отолт хийгээд барих гэж оролдоод юун барих маньтай амь наана там цаана юм бол буудуулж зугтааж эрсдэлгүй үлдсэн юмсанж.
Харин энэ удаад дээд удирдлага нь алдах эрх тэндэнд өгөлгүй “Хэрвээ та нар Онгижийг барьж чадахгүй алдвал та нар үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд хулгаруудынхаа замаар яваарай” гэж хатуухан хариулга хүлээсэн тул заавал баривчлах үүрэгтэй отолт хийжээ. Тэрбээр яахын аргагүй ард иргэд худал мэдээлээгүй нь тогтоогдож өндөр даваагаар хамгийн түрүүнд Онгожийг морьтой гарч ирэхэд нь хошууч “Балин” хочит Баярсайхан түүнд ямар нэгэн анхааруулга өгөлгүй амин тус газар нь буудан хороожээ.
Ийнхүү мал хулгайлах гэмт хэргийн дуулиант эр, Орос улсын хилийн ойролцоох тосгодын адууг дуусгах нь холгүй бужигнуулж явсан этгээд цагдаагийн алба хаагчийн суманд амиа алдсан юм. Монгол улсын Үндсэн хуулинд ганцхан тохиолдолд хүний амь насыг бүрлэгнэ гэсэн заалт бий. Тэгвэл үнэн хэрэг дээрээ хошууч Баярсайхан Үндсэн хууль зөрчиж санаатайгаар эрдэнэт хүний амь насыг хөнөөж буй нь энэ юм. Харин ч бүр хүний амь хөнөөсөн бус оргодол босуулыг хороосон ялт үйлдэлдээ хөхүүлэн шагнагдсан нь ойлгомжтой. “Балин” Баярсайханыг харсан хүмүүс сэрдхийж “Энэ нөгөө хулгайч буудаж хороосон хүн шүү дээ” гэж эгдүүцэн харж байсан цаг саяхан. Муу нэр гэдэг хусавч арилахгүй гэсэн үнэн үг байдагдаа. Анх Онгожий ганц адуу хулгайлж түүнийхээ горыг амсах гээд хэсгийн төлөөлөгчид дуудагдсан юмсанж.
Гэтэл мань хүнийг гавалж “Чи муу амьсгаа ганц адуу хулгайлна гэж хэзээч байхгүй. Олон мал хулгайлж малчдын хот харлуулсан бузар этгээд” гэж эзэнгүй хэрэг тохох гэж эрүүдэн шүүж. “Одоохон үйлдсэн бүх хэргээ хүлээ. Эс тэгэвээс чамайг Өндөрхааны мөрдөнд хорьж шээлтүүрийн жолооч болгоно. Чи мөрдөнд ороод шууд л банди болно. Тэгээд сүүлд нь турж үхнэ. Одоо шорон гяндан хулгаруудаа тэжээж чадахгүй болсон тул шууд л тураалаар нөгөө ертөнц рүү илгээж байгаа” гэх мэт “ам рак”-аар амьдаар үхүүлж бороохойдон тарчилааж байгаад өрөөндөө гавлаж орхиод цай хоолоо идээд ирэх хооронд нь Онгожий гаваа мулталж хэсгийн төлөөлөгчийн өрөөний цонхоор гарч одсноос түүний цус, нулимстай гунигт амьдрал эхэлсэн гэдэг. “Хүчирхийлэл бол сул доройн шинж” гэсэн бурханы сургаал бий.
Хэрвээ ухаан муутыг уран аргаар” гэдэг шиг хүнлэг харьцаж, ухуулан цэхэрүүлсэн бол тэр олон айлын мал мөн Оросын Холбооны улсын ард иргэдийн үй олон адуу мал Онгижийгийн гараар орж буруу замаар үрэн таран хийгдэхгүй байхаас гадна, ганц муу адуу хулгайлсан ялт үйлдэлдээ багаахан шиг зэм сонсож түүнийхээ горыг амсаад Онгожий дахин хулгай хийвэл эрх чөлөө минь хаагдаж ялтан болох нь байна гэж ойлгоод “Хулгай хийгээд шоронд орж хамгийн аймшигт үхэл тураалд орж үхээд яахав” гээд засрах ч байсан юм билүү хэн мэдлээ. Муу үйлийн балаг ингэж л хөлдөө гэм зэмгүй хүмүүсийн амь амьдралыг чирч дуусагдаг нэгэн түүх энэ байна. Лувсанжамцын Энхбаатар