Увс аймгаас сонгогдсон УИХ-ын шинэхэн гишүүн Одонгийн Цогтгэрэл “Бие даан хөгжих боломжгүй 77 сум, цус ойртсон 39 суманд төсөв хуваарилаад хэрэггүй” гэсэн мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдлийг хийхээс өмнө аймаг сумдаар явж судалгаа хийсэн, цус ойртсон иргэдтэй газрыг судласан байж таарна. Эрхэм гишүүний энэ мэдэгдлийг буруутгахаас өмнө бодох ёстой болов уу. Тийм учраас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс бие даан хөгжих боломжгүй 77 сумаа нэрлэх учиртай. Дахин эдийн засгийн шинжээч томилон энэ сум хөгжих боломжгүй төсөв хувиарлах хэрэггүй гэсэн дүгнэлт гаргах хэрэгтэй.
Тэр дүгнэлт гарсан даруйд оршин суугчид цаашид байх эсэхээ шийднэ биз. Нэгэнт хөгжих боломжгүй ирээдүйгүй сумдаас явахаас аргагүй байдалд хүрнэ. Цус ойртсон сумдын судалгаа, мэдээлэл хомс байгаа хэдий ч О.Цогтгэрэл хөдөө явах болгондоо судалгаа сайн хийжээ янз нь. Түүний мэдэгдэж байгаагаар төвөөс алслагдсан сум цус ойртолттой гэнэ. Тэгэхээр тэр сумдад төсөв хувиарлах нь цус ойртолтыг дэмжсэн гэмт хэрэг юм. О.Цогтгэрэлийн хувьд төсөв хэмнэх энэхүү мэдэгдэл нэг талаараа төвлөрөл бий болгох, нутаг орон эзгүйдэх байдал рүү түлхэв бололтой.