Улс төрчдөөс У. Хүрэлсүх, наадмын бөхчүүдээс О.Хангай таамаг эвдсэн барилдаанууд хийнэ гэж хэн ч бодсонгүй. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг А.Ариунзаяа, Н.Тавинбэх, С.Чулуун, Б.Мөнхбаатар нарыг сайд болгоно гэж хэн таамаглаагүй ээ. Ямартай ч иргэдийн таамаг зөрсөн наадам, Засгийн газар бүрэлдэв бололтой. У.Хүрэлсүхийн танхимд орох болов уу гэсэн таамагт орж байсан хүн бол “Таниатай карт” УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд асан Жадамбаагийн Энхбаяр юм.
Аавынхаа сайдаар ажиллаж байсан учраас ингэж бичихэд нэг их буруу гарахгүй юм билээ. Тэрээр ЖДҮ авч ББСБ-даа угаасан гэх хэл аманд өртөн УИХ-д дэвших эрхээсээ татгалзсан. Өөрөө л “Улс төрийн ёсзүйн хариуцлага хүлээн татгалзаж байна” гэсэн. Хөшигний цаана намын дарга У.Хүрэлсүх нь “ЖДҮ-д холбогдсон анд чамайг дэвшүүлэхгүй” гэсэн ч байж болох шүү дээ. Үүнээс хойш түүний нэр Шадар сайд, БХЯ-ны сайд дуулдаж дараа нь хотын дарга болох нь ээ, орон нутагт МАН-ын нэр дэвшигчдийг манлайлаад сонгуульд орох нь гэсэн мэдээлэл гарч байлаа. Ж.Энхбаярыг “Эрдэнэс-Монгол” компанийн захирал болох нь гэж бичсээр.
Ямартай ч Ж.Энхбаяр ажил албагүй үлдчихлээ хэмээн санаа зовсон өнгөтэй мэдээлэл хаанаас ч юм бэ тараасан. Сүүлдээ цөхөрсөн үү бүү мэд У.Хүрэлсүхийн “Шүдний өвчин Ж.Энхбаяр боллоо” хэмээн бичиж эхэлсэн байх юм. У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр хоёрын тухайд НАМЗХ, Зүүний хүчний холбоо, Цэргийн холбоо гээд олон зүйлээр холбогдсон “Амин найз” хэмээн олон нийт хардаг л даа. У.Хүрэлсүх “Буруу зүйл хийх аваас нөхрөө ч ялла, сайн зүйл хийх аваас дайснаа ч шагна” гэсэн эртний үгээр ишлэн буруу харчихаад суучихсан болов уу гэх таамаг ч бий.
Ямартай ч Ж.Энхбаярыг ажилгүй яваад санаа зовсон далд фронтын нөхдүүд “Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болох нь. Яг сайхан тохирно” гэцгээж байна. Нөгөө фэнүүд нь ЖДҮ-тэй яг адилхан холбогдсон Я.Содбаатар Шадар сайд болж байхад яагаад Ж.Энхбаяр сайд, дарга байж болдоггүй юм бэ гэлцэх. Сайд дарга болсон болоогүй хийх ажилтай, бизнестэй, хоосон хоночихгүй эцгийн болон өөрийн хөрөнгөтэй хүнд санаа зовох нь илүү ч дээ гэж хэлмээр санагдах. Нэг л өдөр Ж.Энхбаяр тэнгэр биш юм гэхэд “амин найз” (Улс төрийн болон аж амьдралаа илэн далангүй ярьдаг дотны найзууд гэж ойлгодог) У.Хүрэлсүх олны анхаарлаас гаргаж байгаад албан тушаал дээр тов хийтэл тавих биз дээ.
Эрдэнэцогт