Банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 16 хувьтай байгаа нь бизнес эрхлэх, үйлдвэр байгуулах боломжгүйг харуулж байгаа юм. Ихэнх бизнесүүд 5-15 хувийн ашигтай байх магадлалтай байдаг. Магадлалтай шүү. МАН-ын хувьд зээлийн хүүг бууруулах нэг оронтой тоонд барина гэсэн амлалт өгсөн. Энэ амлалт шударга ёсыг тогтооно гэхээс илүү олон бизнес эрхлэгч нарт бодитой итгэл найдвар өгсөн болов уу. Банкны зээлийн хүү буураагүй цагт ажлын байр нэмэгдэх, ядуурал буурах бололцоогүй шүү дээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны сонгуулийн дараа банк санхүүгийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Сонгуулийн өмнө “Зээлийн хүү буурах боломжгүй. Бид гадны банкнаас зээл авахдаа асар зардал гаргасан” хэмээн эсэргүүцэж байсан нөхдүүдийн чих зөөлөрчээ. “Усанд амьдрах гэж байвал матартай бүү тэрсэлд” гэдэг шиг Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. Зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал боллоо” гэх сонсогдоно.
Саяхан л “Банкны хүү буурах эсэхийг улс төрчид шийдэхгүй” гэж даналзаж байсан нөхөр шүү дээ.
ХХБ, Тээвэр хөгжлийн банк, Хаан банк зэрэг банкууд энэ уулзалтанд оролцож зээлийн хүүг буулгах тал дээр жигдхэн ойлголцолд хүрлээ. УИХ-ын байнгын хороод, гишүүд 10-р сард эхлэх чуулганаар тогтоол батлуулах, дүгнэлт гаргах зэрэг гэрийн даалгавар авлаа. Банкны салбар ченжийн сэтэхүйгээсээ салж гэмээнэ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн ярих бололцоо бүрдэнэ.
Зэрлэгшсэн зээлийн хүү буурах бүрэн бололцоотой бөгөөд банкуудын улс төрийн оролцоо, дураараа авирлалтад хазаар болно.
Нэн нааштай гэвэл УИХ маань дөрвөн жилийн циклийн төгсгөлд бус эхэнд зээлийн хүүгээ зоригтой барьж авсан нь сайшаалтай. Зээлийн хүүг буулгах том шийдэл, хөгжилд саад болсон бул хар чулууг зайлуулсан үйл явдал мөн. Энэ ажил нэг улс төрчийг шоронд хийхээс хэцүү бэрхшээл, хүндрэлтэй нүүр тулна. Тийм учраас ил тодоор олон нийтийн дэмжлэгтэй явах ёстой асуудал. УИХ-ын дарга Г.Занданшатарын үйл хөдөлгөөн бүрийг банкны хүүд дарлуулсан хөл нүцгэн бизнесменүүд нүд цавчилгүй харж байгааг дамжуулья.
Эрдэнэцогт