БААТРУУДАА БҮҮ ХАРЛУУЛ
Гадаадаас ирж буй иргэдээс авлига авдаг гэсэн яриа сошиал ертөнцөөр их явж байна. Тэр ч бүү хэл “Манай эхнэр 3-5 сая төгрөгийн авлига өгч Монгол улсад орж ирлээ” ч гэх шиг. Энэ мэдээ эрчимтэй тархах хэрээр олон хүний нэр хүндэд халдаж байгаа юм. Онцгой байдлын ажилтан О.Мягмар “Улсын онцгой комисст ажиллаж байгаа ажилтнууд авлига авдаг” гэсэн хачин ярианаас болоод “Мөнгө зээлээч, та нар мөнгөтэй байгаа биз дээ” гэх боллоо” гэж бичжээ.
Гадаадаас ирж байгаа иргэдээс авлига нэхдэг, нэг охин авлигаа төлөлгүй ирсэнд УОК уурлаад хилээр оруулахгүй байна ч гэх шиг. Үнэн худал нь үл мэдэгдэх энэ ярианаас үүдээд олон зуун эмч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтнуудын нэр хүнд сэвтээд байгаа юм. Магадгүй онгоцны бүртгэл, хяналт тавьсан ганц нэг нөхөд мөнгө төгрөг авсан байж болзошгүй. Тэдний илрүүлэхэд маш амархан шүү дээ. Тухайлбал Davaa Radnaa, Uyanga Tsogtgerel, Odbayar Demos.mn хаягтай нөхдийг дуудаад л асуухад тодорхой болно. Улс орондоо цар тахал оруулахгүй гэж унтах нойр, амрах эрхгүйгээр гялгар уутанд хөхүүлж яваа ажилтнуудыг бүү хэлмэгдүүл, эрч хүчийг нь бүү сулруул.
Туслаад дэмжээд цалин хөлсийг нь нэмээд байж чадахгүй бол урмаар бүү дутаагаач, нэр хүндийг нь бүү сэвтүүл. Монгол Улс цар тахлын үед Чингисийн цэргүүд, баатрууд луга адил нэгэн дуудлага, тушаалаар эвлэлдэн нэгдэж чадсан. Монголчууд та нарын шүтээд үхчих гээд байдаг Америк, Франц, Герман нь хийж чадаагүйг чадлаа. Энэ бол гайхамшиг. Мэдээж хүн амын төвлөрөл, аймхай байдал нөлөөлсөн байж таарна. Тэрийг яриад муулаад яах вэ. Хилээ нээ, монголчууд аймхай, турж үхсэнээс тэмцэж үхнэ гэж орилоод, гадаад дотоодоос уриалаад байгаа нөхдийг гайхах юм.
Хөл хорионд байгаа иргэдээ бөөнөөр хорих лагерийн ялтнууд ч гэх шиг. Та нар эх орны дайн, хорих лагерь үзсэн юм уу. Ийм ч хорих лагерь байдаггүй байх шүү. Харь орны захиалга ч юм бил үү гэсэн хардлага төрнө. Улс төржиж болно намчид аа. Гэхдээ улс орноороо, өвчин зовлонгоор улс төр хиймээргүй байх юм. Бүр сүүлдээ шарилтай хамт ирлээ, арчаагүй улс орон гэх болов. Тэр шарил онгоцоор ирэхгүй өөр юугаар ирэх вэ дээ.
Эрдэнэцогт