– Хууль тэгш үйлчлэхгүй байна-
МАН-аас сонгогдсон 40 гаруй УИХ-ын гишүүн ЖДҮХС-гийн хүүгүй шахам зээлүүдийг хуу хамсан. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг хэдхэн хоногийн өмнө шүүж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авсан.
Тухайн үед тус компанийн захирлаар Г.Солтаны хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг, эрхэм гишүүний хамаарал бүхий хуулийн эдтгээд байв. Ингэж зээл авахын тулд УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүх 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950,000,000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байна. Г.Солтантай яг адилхан үйлдэлтэй нэг нөхөр бий.
Гэхдээ тэр өнөөдөр Г.Солтан шиг шоронд яваагүй. УИХ-д нэр дэвшилгүй үлдэж байгаад Засгийн газрын сайд болж томилогдсон нэг нөхөр бий. Тэр бол Шадар сайд Я.Содбаатар юм. Я.Содбаатарын “Эпато анарваан” компани ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Өөрөө хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байлаа. ЖДҮ-гийн зээл авсан Я.Содбаатарт хариуцлага хүлээлгэж, сайдын үүрэгт ажлаас нь УИХ-ын гишүүдийн 69.1 хувь нь дэмжиж чөлөөлсөн УИХ-ын чуулганы 2019 оны 2 сарын 1-ний чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дараагийн сайд нарт янз бүрийн хэл ам, хэрэг төвөгт холбогдсон хүн тавихгүй. ЖДҮ монгол төрд сургамжтай зүйл болсон.
Нэг талаараа их сайн зүйл болсон. Тиймээс дараагийн сайдад нэр дэвших хүмүүсийг би маш сайн судалж байгаа. Нэр цэвэр, шударга, ард түмний өмчид хуруу хумсаа дүрдэггүй хүнийг сонгоно. Я.Содбаатар сайд өөрөө өндөр соёл гаргаж ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь сайн жишиг гэж бодож байгаа. ЖДҮХС-аас зээл авсан нөхөд зээлээ төлж байгаа. Би яг тоог нь мэдэхгүй байна. Ч.Улаан сайдад үүрэг өгсөн. Дахин энэ сангуудаас алдаатай зүйл гаргахгүй. Ганц ЖДҮ гэхгүй бүх санд шалгалт оруулсан. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бас л хариуцлага тооцно. Я.Содбаатар сайдын оронд томилох хүнийг би судалж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг тал бүрийн мэдлэгтэй байх ёстой” гэж байв.
Гэвч ганцхан жилийн дараа ЖДҮ-гийн “хулгайч” нараас Я.Содбаатар Шадар сайд болж, Г.Солтан мэт нь ял шийтгүүллээ. Олны ярих нь, Я.Содбаатар бол У.Хүрэлсүхийн “урдаас гарсан”, харин Г.Солтан нар “араас нь гарсан” ЖДҮ-чин гэж байна. Энэ хоёрын үйлдэл яг адилхан хулгай атал нэгийг нь дэвшүүлж нөгөө нь буруутгаж байгаа нь хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн тод жишээ болоод зогсохгүй ялгаварлан гадуурхав.