Эх сурвалж: ЗӨВ.МН
Хурим гэдэг хос хоёрын хайр сэтгэлийн хамгийн дээд илэрхийлэл. Хайртай, дотнын хүмүүсээ цуглуулж, насны ханьтайгаа гэр бүл зохиодог гэгээнээс гэгээн үйл билээ. Тэгвэл Вьетнамд хуримлаж буй хосууд нэг нэгнээ танихгүй байх явдал ч бишгүй гардаг байна. Вьетнамын нийгэмд ганц бие ээж ямар ч нэр хүндгүй. Биенээсээ бие хувааж, үрдээ бүхнээ зориулах ганц бие ээжийг гэр бүлийнхэн нь нэр хүнд унагасан гутамшиг мэтээр үздэг гэнэ. Гэрлээгүй байж хүүхэд гаргасан эмэгтэй хүн нийгэмд ад үзэгдэнэ. Хүнгүй, эл хуль тосгонруу ганц бие ээжийг цөлөх нь ч бий.
Вьетнам нь бусад Азийн орнуудаас үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн тоогоороо хавь илүү. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь 20 нас хүрэх үедээ 2-3 удаа үр хөндөлт хийлгэсэн байдаг бөгөөд энэ нь энгийн л үзэгдэл. Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслүүд хангалттай байдаг ч Вьетнам охид үр хөндөлтийг сонгосоор байна. 2-3 удаа үр хөндөлт хийлгэсэн эмэгтэй дахин үр тогтох чадваргүй болно хэмээн үздэг тул эмч нар олон удаа үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйд дахин хагалгаа хийхээс татгалздаг. Ингээд л Вьетнам бүсгүйчүүд хуурамч нөхөр олж хуримлаад гэр бүлийнхээ нэр хүндийг аварч үлдэхийг хичээнэ.
Гэрлэлтийн агентлагуудад нөхөр, нөхрийн гэр бүлийнхэн бүгд бий. Тэднийг багцаар нь хөлсөлж болдог бөгөөд хуримын зохион байгуулалтаа ч давхар даатгаж болно.
Та санхүүгийн боломж, өөрийн таалалдаа тохируулан ”сүйт залуугаа” захиалах боломжтой. Өндөр, нам, өргөн бүдүүнээрээ зуучлалын агентлагт байгаа. Та хүсвэл/ мөн төлбөрөө хангалттай төлбөл таны хөлсөлсөн нөхөр хурим дээр байлцаад зогсохгүй цаашдын гэр бүлийн баяр ёслол, амралт зугаалгын үеэр ирж, ямар аз жаргалтай байгаагаа гэр бүлийнхэнд чинь харуулж болно.
Вьетнамчууд бие биесээ шүүж, ард урдуур нь муу хэлдэггүй байсан бол хөөрхий охид хуурамчаар гэрлэх ямар шаардлагатай сан билээ? Нийгэм бүхэлдээ өөрөө ийм давчуу, хаалттай үзэл бодолтой байхад хэчнээн 21-р зуун байгаад ямар ч нэмэргүй гэдгийг харж буй биз ээ.