Улсын нaaдaм болоход сaр гaруйхны хугaцaa үлдээд бaйнa. Өнгөрсөн жилийн нaaдмын түрүү, улсын aвaргa Э.Оюунболдоос допинг илэрч, цолыг нь хурaaх шийдвэр гaрсaн ч тэр Үндэсний бөхийн хорооны уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхээр зaргaлдaж бaйгaa билээ. Шүүх хурaл энэ сaрын 13-ны өдөр Нийслэлийн Зaхиргaaны хэргийн aнхaн шaтны шүүх дээр эхэлсэн боловч нэхэмжлэгч буюу Э.Оюунболд өөрийн биеэр шүүх хурaлдaaнд оролцох хүсэлтээ гaргaснaaр шүүх хурлыг дaхин хойшлуулсaн. Улмaaр зургaдугaaр сaрын 17-ны өдрөөр дaхин товлосон бaйнa.
Өмнөх шүүх хуралдаан нь өнгөрсөн тавдугаар сарын 22-нд зарлагдсан боловч шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр ирэлгүй өмгөөлөгчөө явуулсан билээ. Харин өмгөөлөгч нь “Нэхэмжлэгч Э.Оюунболдтой өмгөөллийн гэрээгээ өнөөдөр байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай” гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн асуудал жил тойрон үргэлжилж, дараа жилийн наадам болоход 1 сарын хугацаа үлдлээ. Гэтэл өмнөх жилийн асуудлаа ч шийдээгүй байдаг.
Допинг хэрэглэсэн гээд шинжилгээний дүнгээр тогтоогдоод, Баяр наадам зохион байгуулах хорооноос барилдах эрхийг нь хасч, цолыг нь хураах шийдвэр гаргачихаад байхад эсэргүүцэж, “Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон” гээд нэвтрүүлэг шахуу видео хийж, олон нийтэд цацсан Улсын аварга Э.Оюунболд луу уншсаар өдийг хүрлээ. Уг нь энэ хүн өөрөө гомдоллож, шүүхэд нэхэмжэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч тал буюу шээсийг нь сольсон гэж хардагдаад байгаа Монголын Үндэсний бөхийн холбооны талынхан товлогдсон шүүх хурал бүрт ирж, яаралтай шүүх хурлаа хуралдуулж шийдвэрээ гаргахыг шаарддаг.
Гэтэл гомдол гаргасан хүн нь өөрөө элдэв шалтаг гаргаж, шүүх хуралдаа очдоггүй. Өмгөөлөгч авахгүй байж байснаа шүүх хурал товлогдсон өдөр гэнэт өмгөөлөгч авч, хавтаст хэрэгтэй танилцуулна гэдэг. Дахиад хуралдах болоход өөрөө шүүх хуралд оролцох хүсэлт гаргаад, дахиад хойшлуулдаг. Тэгсэн хэрнээ өөрөө Хэнтий аймагт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд явж байх жишээтэй. Хууль шүүхийнхэн, бөхөө гэсэн Монголын ард түмнийг дорд үзэн байж хийж буй түүний энэ үйлдэл олон нийтэд огт таалагдахгүй байна. Түүний ард допинг хэрэглэсэн бөхтэй барилдаж хохирсон байж мэдэх таван бөх цолоо ахиулна гэсэн хүлээлттэй байсаар байна. Тодруулбал, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь нарын эрх нь зөрчигдөж байна.
Өмнөх шүүх хурлын үеэр хариуцагч тал болох Баяр наадам зохион байгуулах хорооны өмгөөлөгчид “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар хойшлуулж, олон удаа хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь энэ байдлаараа байсаар баяр наадмаар барилдах гэсэн санаархал байна уу гэж хардаж байна. Шүүх хурал ингэж олон удаа хойшилсны уршгаар таван бөх цолоо нөхөж авч чадахгүй болох нөхцөл байдал үүсч эхэлж байна. Яг шүүх хуралдаантай өдөр шинэ өмгөөлөгч авч хавтаст хэрэгтэй танилцуулъя гэж байгаа нь боломжгүй зүйл. Өмнө нь аль эрт өмгөөлөгч авах боломж түүнд байсан” хэмээж байсан юм.
Үнэхээр Э.Оюунболдод ийнхүү аргацаасаар наадмаар зүлэг ногоон дэвжээнээ гарч барилдах санаархал байгаа юм биш биз. Уг нь ийм боломжгүй. Учир нь наадмын өмнөхөн МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав “Ө.Энхтүвшин сайдын ахалсан Баяр наадам зохион байгуулах комиссоос аварга Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, цол хураах тогтоолоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирүүлсэн. Тогтоол шийдвэр гарсан учраас барилдах боломжгүй. Цагаан сарын барилдаанаар Э.Оюунболдыг барилдуулахгүй” хэмээн мэдэгдэж байсан. Тэгэхээр хэдийгээр хэрэг нь шүүхийн шатанд маргаантай байгаа ч Баяр наадам зохион байгуулах комиссын шийдвэр нэгэнт гарсан тул Э.Оюунболд наадмаар барилдах боломжгүй юм. Тиймээс Э.Оюунболдын хувьд үнэхээр допинг хэрэглээгүй, шээс нь солигдсон нь үнэн бол энэ шүүх хурлыг элдэв янзаар хойшлуулах биш харин ч яаралтай хуралдуулж, шийдвэрийг өөрийнхөө талд гаргуулах нь наадмаар барилдах боломжийг түүнд нээж өгөх давуу талтай баймаар. Шүүх хурал энэ лхагва гариг буюу энэ сарын 17-нд хуралдахаар товлосон. Тэрбээр өөрөө хүрэлцэн ирэх ёстой. Анхааралтай ажиглаж байя.
Эх сурвалж: Zaluucom.mn