Лас Вегас хотын орон гэргүй иргэд вирусийн xалдвараас сэргийлэхийн тулд машины зогсоол дээр, бие биеэсээ 2 метрийн зайтай унтаж байна. Өнгөрсөн долоо хоногт орон гэргүй нэгэн эрийн титэмт вирусийн шинжилгээний хариу эерэг гарахад түүний байрлаж байсан орон гэргүй иргэдийг орогнуулдаг асрамжийн газрыг хаажээ. Үүний улмаас 500 гаруй иргэд байрлах газаргүй гудамжинд байгаа аж. Гадаа унтаж буй тэдний зураг нийгмийн сүлжээнд таран, хотын удирдлагууд олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа аж. Задгай талбайд байрладаг Орон гэргүй иргэдийн нөөцийн төв ажиллаж байгаа ч багтаамж дүүрсэн учир нэмж хүмүүс авах боломжгүй байгаа юм. Харин хотын захиргаанаас тэдэнд зориулж түр орогнох байрыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.
Амьдрах газаргүй болсон орон гэргүйчүүд одоогоор томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах зогсоолын талбай орчмоор амьдарч байгаа ба хотын захиргаанаас тэрхүү зогсоолуудад хивсэнцэр түр байрлуулжээ.