2O19 оны 11 дүгээр capын 19-ны өдрийн их үдэд Азийн тэргүүн найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Д.Урианхай гуай өөрийн дотно анд Б.Лхагвасүрэн найрагч амьсгал хураахынхаа өмнө түүнд зориулан үлдээсэн ногоон шилтэй дарсны тухай сэтгэл сэмэрч, өр өрөвдөм нэгэн дурсамжийг өчүүхэн надад хуучилсан билээ. Энэ явдал Гахай жилийн Шинийн нэгэнд Б.Лхавасүрэн найрагч “номын агаарт шингэн амирласан” тэр өдөр эмгэнэл илэрхийлэхээр их найрагчийн гэрт очиход тохиосон юм билээ. Д.Урианхай гуай их уй гашуунд автан сууж байхад нь найрагчийн гэргий Баасан эгч хүүдээ:
– “ААВЫНХАА ҮЛДЭЭСЭН ЗҮЙЛИЙГ УРИАНХАЙ АХДАА БАРИАРАЙ” гэж хэлэхэд нь чухам юу юм бол хэмээн гайхаж суутал урьд нь огтхон ч харж байгаагүй, өвөрмөц ногоон шилтэй задалсан архийг гарган барьсан байна. Б.Лхавасүрэн найрагч “Амьсгал отголсны дараа миний дотно анд Д.Урианхайд үүнийг барьж, хамтдаа хүртэж байна гэж бодон тогтоогоорой гэдгийг миний нөхөрт хэлээрэй” хэмээн захиж, ногоон шилтэй дарс үлдээсэн байна. Энэ бол агуу найрагчийн хамгийн дотно нөхөрлөсөн анддаа барьсан сүүлчийн хундагатай захиас үг байжээ. Үнэхээр агуу, нинжин хэрнээ насан туршийн үнэнч нөхөрлөлийн тод жишээ гэж үүнийг хэлэхээс аргагүй юм.
Ялангуяа мань мэт төдийгүй хойчийн залууст ч ухаарал хайрласан холч ухааны цараа хэмээн ойлгож болно. Энэ явдал болсны дараа Урианхай найрагч өөрийн онгод, сэтгэлийн гүнд нэвчсэн уй, шаналангаа шилгээж, “СҮҮЛЧИЙН ХУНДАГА” хэмээх гайхам сайхан шүлгийг их найрагч Б,ЛХАГВАСҮРЭН анддаа зориулан туурвисан юм байна. Энэ шүлгийг би нэгэнтээ уншиж байсан ч ийм нарийн учир, начрыг ийнхүү зохиогчийн хөөрөлдөөнөөс ойлгосон билээ. Энэхүү шүлгийг элгэмсэг найзууддаа толилуулахаар шийдлээ. Энэ түүхийг ярьж суухдаа Д.Урианхай найрагч үе үе өмөлзөн, аньсага чийгтэй хуучилсан юм шүү..