НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Төлөөлөгчдийн хэлэлцэж байгаа асуудлын дунд автомашины зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн гэх асуудал хэдийнэ олны анхаарлыг татаж, сошиал орчинд маргаан үүсгээд эхэлсэн байна. Мэдээж энэ асуудал иргэдийн халаастай холбоотой учраас анхаарлыг нь татаж байгаа нь зүйн хэрэг. Гэхдээ Хотын даргад браво гэж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Нийслэлийн иргэдийн хувьд автомашины зам засвар арчлалт муу, нөхөөс засварын ажлаа цаг хугацаанд нь хийдэггүй гэдэг шүүмжлэлийг ажил хариуцсан албан тушаалтнуудад байнга хэлдэг. Замын эвдрэл хүндрэлийг засахын тулд хотын захиргаанаас тухай бүрд нь замын нөхөөс засварын ажлыг хийх төдийгөөр амь аргацааж өнөөдрийг хүрч ирсэн. Үүний шалтгаан нөгөө л хөрөнгө мөнгөгүйн зовлон.
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийн үлгэрээр зардал мөнгөгүйн улмаас урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өдийг хүрч ирсэн нь нууц биш. Иргэд, олон нийтийн хэлдэгчлэн зам засварын ажлыг чанартай гүйцэтгэхийн тулд зардал мөнгө хэрэгтэй. Нийслэл зардал мөнгийг хаанаас олох вэ? Монгол Улсын нийт хүн амийн талаас илүү нь амьдарч байгаа Нийслэлийн төсвийн орлогын 1/4-ийг нь улсын төсвийн орлого болгоод өгчихдөг, үлдсэн хэсгийнхээ талыг нь боловсрол, соёл, эмнэлэг, цагдаа, шүүх зэрэг төрийн албан хаагчдын цалин болгоод өгчихдөг, үлдсэн жаахан хэсгийг бусад олон зүйлд зарцуулдаг байдал нь зам засвар арчлалтын ажлыг нөхөөс төдийгөөр “аргалах”-аас өөр аргагүй байдлаар өнөөдрийг хүрч ирсэн. Тэгвэл авто замыг засварлах, шинэчлэхэд зарцуулдаг зардлыг санхүүжүүлдэг авто зам ашигласны төлбөрийг машины хөдөлгүүрийн багтаамж, агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллөөс хамаарч тогтоохоор төлөвлөсөн төсөл батлагдсан тохиолдолд зам засвар арчлалтын ажлын хөрөнгө мөнгө шийдэгдэж, нийслэлчүүд тох тухтай замаар зорчих боломж бий болно. Иргэд нэг удаа банкаа бензинээр дүүргэх зардлаар засвар арчлалт нь тухай бүр хийгдсэн замаар зорчиж, тэр хэрээр автомашины элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл багасна.