Цуйван сэгсэрдэг эмэгтэйчүүд “мода”-наас гарна. Бас нөгөө талдаа цуйван гүзээлдэг эрчүүд ч онц биш болно. Учир нь эрүүл хооллолт, зөв дадал мода болж байна. Дэлхий дээр ард түмэн нь таргалалттай цөөхөн улсуудын нэг нь манайх. Учир нь бид буруу хооллож, бага хөдөлдөг. Их иддэг ч зөв цаддаггүй. Бид илчлэг өндөр хоолыг өдөр бүр, өдөрт хэд хэдэн удаа иддэг. Энэ нь тарган байх гол үндэс нь.
Тарган байх нь гоо зүйн гэхээсээ эрүүл мэндийн асуудал болсон. Тарган байснаар зүрх судасны өвчлөлд түлхүү өртөж, зарим хавдрын суурь шалтгаанд бичигддэг. Бидний дийлэнхи нь турах оролдлого хийж байгаа ч зөв хооллолтыг дадал болгох зорилго тавихгүй байна. Хэвийн жинтэй эрүүл амьдрах нь эрүүл хооллосноор л бий болох боломжтой. Нэг удаа, нэлээд хэдэн өдөр хоолоо сойгоод эрүүл үлдэж чадахгүй л болов уу?
Хэрвээ та турахаар шийдсэн бол тууштай эрүүл, зөв хооллоход л анхаарна уу! Дэлхийн өндөр хөгжилтэй орны хүмүүс эрүүл, гоо биеэрээ л гангардаг болж. Тиймээс бид хооллолтын соёлд суралцаж эхлэх хэрэгтэй. Эрүүл зөв хоол гэж юу юм бэ? Үнэндээ эрүүл, зөв хоол гэж нарийн тодорхойлсон тодорхойлолт, тогтоосон гр, жин, тун хэмжээ дэлхий дээр байхгүй.
Эрүүл зөв хоол гэдэг бол: ШИНЭ, ОЛОН ТӨРЛИЙН ОРЦТОЙ, ШИМ ТЭЖЭЭЛ БҮХИЙ, ХЭТ ЧАНААГҮЙ, ХЭТ ШАРААГҮЙ хоол зохистой
Эрүүл зөв хооллолт гэдэг бол: ТОГТМОЛ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ, ХҮНД БИШ ЭРТЭЧ ОРОЙН ХООЛ, ХЭТ ӨЛСӨХГҮЙ БАЙХ, ХЭТ ИДЭХГҮЙ БАЙХ зэргийг нэрлэж болно. Гэтэл цуйван бол махан дахь уураг, гурилан дахь багахан ислэгийг эс тооцвол тэр чигээрээ муу нүүрс ус бүхий хоол. Өдөр бүхэн идсээр байвал үр дүнд та унжсан гүзээ бүхий л нэгэн болно. Нэг таваг цуйван ойролцоогоор 1500 орчим ккл агуулдаг байна. Цуйван үнэндээ таргалуулахаас өөр шидгүй дассан амт юм…
Ер нь энэхүү бяцхан бичвэрээр хэлэх гэсэн санаа бол ач холбогдолгүй их хоол идэхээс татгалз. Хоол идэхдээ биед тань хэрэгтэй юу агуулсныг нь үргэлж анзаар. Ходоод хоолны сав биш юм шүү дээ. Улмаар хооллолтын соёлд суралцах нь гэр бүлийн соёлыг ч илтгэнэ. Нийтээрээ зөв цадъя. Тарган байхаас ичье бас айя. Та юу идэх нь таны эрх мөн боловч таны юу сонгож идэж буй тань таныг бусдад илэрхийлж байдгийг битгий мартаарай. Танд эрүүл энхийг хүсье.
Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Батцэцэг