Цaxим хэрэглэгчид олон нийтийн cүлжээгээр тархаж буй мэдээллийн үнэн худал, сайн мууг дэнслэх ухаан суугаагүй байна. Oлoн нийтийн сүлжээгээр юу л гарна, ямар мэдээлэл их тархана тийш хошуурдаг хэвээр л байна. Сүүлийн үед фэйсбүүк, твиттерээр “сарьсан багваахайн үүр өндөр үнээр худалдаж авна” гэсэн зар элбэг харагдах боллоо. Өнгөрсөн оны сүүлээр сарьсан багваахайн эд эрхтэн өвчинд тустай, далавч нь аз дууддаг гэх зэрэг шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй мэдээлэлд иргэд итгэн уг амьтныг нэлээд сүйтгэсэн гэдэг. Xaрин сүүлдээ сарьсан багваахайн үүр 50 сая төгрөгийн үнэд хүрч мэдээлэл өгч, үүрийг нь зааж өгсөн хүнд 2 сая төгрөгийн шагнал амласан мэдээлэл шуурч байв. Үүрэн доторх зүйлийг нь эмчилгээний журмаар ашигладаг бөгөөд урд хөрш рүү гаргадаг гэнэ. Гэвч энэ нь цэвэр төөрөгдөл байсан юм.
Tэмээ авна гэхээсээ “тэмээний тавхай өндөр үнээр авна” гэсэн зар явж нэг хэсэг тэмээг хядуулсан. Энэ бол гаднын хорт бодлого. Тэмээний тавхайгаар юу хийх ч билээ. Сарьсан багваахайн үүр яах гэж авах гээд байв. Гэтэл сарьсан багваахай үүр барьдаггүй амьтан. Харин байгальд буй бэлэн байрших боломжтой газрууд болон хүний бий болгосон байгууламжийг үүр буюу орогнох газраа болгон ашигладаг аж. Үүрэнд нь ямар нэгэн өвс ургамал, ноохой гэх мэт зүйл байдаггүй. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны сарьсан багваахайн ихэнх нь дулаан орон руу нүүж, цөөнх нь өвлийн улиралд ичээлж үлддэг байна. Өвөл ичээлж байхад нь сэрээх юмуу байршлыг нь багахан өөрчлөхөд л үхэлд хүрдэг эмзэг амьтан аж.
Сарьсан багваахай жилд голдуу нэг, хааяа хоёр зулзага төрүүлдэг удаан өсөлттэй амьтан аж. Иймээс тоо толгой нь цөөрвөл буцаад сэргэх боломжгүй аж. Сарьсан багваахайн тоо толгой буурснаар хортон шавж устгагч химийн бодисны хэрэглээ ихсэж, улмаар энэ нь бусад зүйл амьтан, ургамал, экосистемийг аюулд оруулж, улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь уг амьтан нь шөнөөр нисдэг шумуул, хүр эрвээхий зэрэг шавьжны тоо толгойг зохицуулахад байгальд гол үүрэг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай нэг цагийн дотор 1000 ширхэг шумуулын хэрийн биетэй шавьжийг барьж иддэг аж. Сарьсан багваахайг оролдохгүй бол хүнд ямар нэгэн гэм хоргүй. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тоо толгой нь жилээс жилд буурч байгаа. Сарьсан багваахай нь Монгол улсын засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол улсын улаан ном (1997, 2013)-д орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан. Коноравирус үнэхээр сарьсан багваахайгаас үүсэлтэй бол манай урд хөршүүд түүнийг янз бүрээр оролдож дээ.