Moнгoл Улсын аварга С.Мөнхбат коронавирустэй тэмцэх ажилдаа зарцуулаарай хэмээн Улсын онцгой комист хандив өргөлөө. Тэрбээр “Би Монгол Улсын 20 дахь аварга. Тийм учраас 20 сая төгрөг хандивлалаа. Ний нуугүй ярихад бөхчүүд авдагаас биш өгдөггүй гэх яриа байдаг. Аварга гэдэг цол нийгэмд хариуцлагатай том цол гэдэг утгаар энэ хандивыг өргөж байна. Өнөөдөр Монголын ард түмэн нийтээрээ коронавирустэй тэмцэж, энэ өвчний эсрэг нэгдэж тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ дэлхийд харуулж чадаж байгаад хувь хүний хувьд их баярлаж байна.
Төрийн тэргүүн маань БНХАУ-д айлчлаад ирлээ. Тэнд суугаа цус нэгт Өвөрмонголчууд маань маш их баярлаж, аав нь ирээд явсан юм шиг маш их баярлаж байгаа юм билээ. Түүнийг хараад би энэ өвчний эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулах ёстой юм байна гэж шийдсэн. Тиймээс хөлс хүчээрээ олсон 20 сая төгрөгөө хандивлалаа.Нийт иргэддээ хэлэхэд төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг дагаж,нэг нь нийтийнхээ төлөө энэ өвчний эсрэг нэгдэж, тэмцэхийг уриалмаар байна. “ гэлээ.