УИХ-ын намрын чуулганы хуралдаанд өнөөдөр 52 гишүүн хүрэлцэн ирж, ирц 71.6 хувьд хүрснээр нээгээд байна. Намрын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхан оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ УИХ-ын бүрэн эрхийн отгон чуулган эхэлж байна. Намрын их ажил ундарсан, хүмүүсийн уур бухимдал ассан энэ өдөр чуулганыг нээж байна. Монголын улс төр уламжлал шинэчлэлийн зааг үе туулж байна. УИХ шуурхай мэдрэмжтэй ажиллах шаардлага байна. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй илчлэгддэг болжээ.
Хууль зөрчсөн ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь хүмүүсийнхээ хүсэл шаардлагад нийцэж ажиллах шаардлага байна. Ингэж ажиллаж чадахгүй бол төр иргэдийнхээ итгэлийг алдана. Монголын төр авлига хээл хахуультай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна.