Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц бодлого”-ын хүрээнд нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, санал гаргажээ.
Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлд иргэдийн шилжилт хөдөлгөөн ихээр нөлөөлж учир Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 332 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-д хэд хэдэн заалтыг тусгах санал гаргасан байна. Тодотговол, Засаг захиргааны нэгжээс нийслэлд бүр мөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргах нь зүйтэй гэх саналыг гаргажээ. Тэрбээр хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дараах тохиолдлоос бусдаар түр зогсоож болно гэжээ.
- Нэгдүгээрт: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авах,
- Хоёрдугаарт: Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан, өвлөж авсан,
- Гуравдугаарт: Албан томилолтоор нийслэлд 6 сараас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл л нийслэлд шилжиж ирж болно.
Харин бусад тохиолдолд болохгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргах ёстой гэх санал гаргасан байна. Нэг үгээр хэлбэл Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлд зөвхөн орон сууц худалдан авч, өвлөж авах иргэд, мөн 6 сараас дээш Улаанбаатар хотод ажиллах төрийн албан хаагч, эрүүл мэндийн тусламж авах иргэнийг л хөдөө орон нутгаас нийслэлд шилжүүлнэ. Харин хашаа байшин, гэр зэргийг худалдан авсан, мөн 6 сараас дээш хугацаагаар хотод ажиллах хувийн хэвшлийн байгууллагын ажилчдыг Улаанбаатар хотын иргэнээр бүртгэж авахгүй байх нь Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах болно гэж үзжээ.