ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр “хэсэгчилсэн дайчилгаа” зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс руу нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдэж, Алтанбулагийн хил дээр урт дараалал үүсгэж байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад байна.
Хил хамгалах ерөнхий газраас мэдээлснээр энэ сарын 20-ны байдлаар Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж ирсэн бол өчигдөр ОХУ-аас 261 иргэн орж ирсэн байна. Харин Монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байгаа гэв.
Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт орчимд 60 орчим, хил дээр 30-40 машины цуваа үүсээд байгааг Хуульзүй, дотоод хэргийн сайд
Х.Нямбаатар хэллээ.
ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа эхэлсэнтэй холбогдуулж Монголтой хил залгаа автозамын боомтод урт дараалал үүссэн тухай зураг, мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад “Өчигдрөөс эхлэн Монгол тал руугаа зорчих хөдөлгөөн ихэссэн. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд дугаарлаж буй 60 орчим машин байна.
Өмнө нь арай олон тооны машин байсан ч цаад талдаа зохицуулалт хийж дараалал багассан дүр зурагтай байгаа. Яг хил дээр бол 30-40 машин дугаарлаж байна. Хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй тул гадаад пасспорттой, урьд өмнө нь ямар нэгэн зөрчил байгаагүй ОХУ-ын иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй.
Одоогоор манай улсад буй гадаад иргэдийн тоо 17-18 мянган орчим байгаа нь үндэсний аюулгүй байдлын баримт бичигт заагдсан хувь хэмжээнд хүрэх болоогүй” гэлээ.