Уг нь, бүхэл бүтэн салбарын сайд нь Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Copoнзoнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаад удаж байгаа билээ. Гэтэл Ж.Copoнзoн өнөөг хүртэл суудлаа тавьж өгөхгүй, тэрхүү суудлаасаа тас зуурсан хэвээр байна.
Тэрбээр “Намайг Оросын талаас томилсон, тэднээс асууж байж шийднэ” гэх утга бүхий үгийг хэвлэлээр хээв нэг дайж, Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоож сууна.
Эндээс харахад, тэр салбарын сайдаасаа “том толгой”-той, түүнээс давсан ар талтай байж таарлаа. Эс бөгөөс салбар толгойлж байгаа сайдынхаа тушаал, шийдвэрийг үл огоорч суугаа Ж.Copoнзoн захирлын үйлдлийг хүлээж авахад бэрх.
Нөгөө талд Ж.Copoнзoн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр, тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг үндэслэсэн байдаг. Дээр нь, тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан, дүгнэлтийг ч үндэс болгосон гэдгээ тайлбарласан.
Харамсалтай нь, Л.Энх-Амгалан сайдын тушаал, шийдвэр Ж.Copoнзoн захирлын санаанд үл нийцсэн нь асуудлыг улам л дэвэргэсэн гэхэд болно. Тэр өөрийнх нь ажлаас халах, халахгүйг Л.Энх-Амгалан биш Оросын тал мэддэг гэх үгийг хэлж, салбарын сайдынхаа эсрэг Монгол, Оросын хамтарсан III сургуульд сурдаг эцэг, эхчүүдийг хөдөлгөж байх вэ дээ.
Сүүлдээ Ж.Copoнзoнг суудлаас нь буулгахыг эсэргүүцсэн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг огцрохыг шаардаж, өргөх бичиг хүртэл барьж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан сайд Ж.Copoнзoн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан биш өөрийг нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын суудлаас буулгах эсэргүүцэлтэй нүүр тулжээ.
Эндээс салбар толгойлж байгаа сайд нь ялах уу, сайдаасаа “том толгой”-той сургуулийн захирал нь ялах уу гэдгийг цаг хугацаа харуулах нь тодорхой ч тэрнээс өмнө Л.Энх-Амгалан, Ж.Copoнзoн хоёрын хэн нь явах вэ гэх асуулт олон нийтийг ээрсээр байх болно.