2022 оны XMF фестивальд дэлхийн алдартай уран бүтээлч Lil Pump уригдан ирж, тоглоод буцсан. Харин өчигдөр /2022.09.15/ тэрбээр өөрийн Твиттер хуудастаа, монгол эмэгтэйн хамт буй нэгэн бичлэгийг байршуулсан нь олны анхаарлын төвд ороод байна. Lil Pump-ийг BRB компани урьж, тоглолтын ажлыг зохион байгуулсан. Иймд сошиал орчинд уран бүтээлчийн эл үйлдэлд зохион байгуулагч тал хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж байгаа юм.
Бид BRB компанийн захирал Ж.Энхжаргалангаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Бид Lil Pump-ийн тоглолттой холбоотой ажлуудыг зохион байгуулсан. Харин хувийн үйл хэрэгт нь хяналт тавих эрхгүй, боломжгүй. Өөрийн хамгаалалтын багтайгаа ирсэн шүү дээ. Байнга өрөөнд нь дагаад байж байх нь боломжгүй. Бид ийм зүйл болсныг мэдээгүй. Өчигдөр Твиттер хуудсаас нь харж, анх мэдлээ. Ингээд “Манай соёл өөр, ийм бичлэг тавих нь зүй бус” гэдгийг холбогдон хэлж, устгуулсан.
Бичлэгт гарч буй эмэгтэйг ч мөн бид танихгүй, өнөөдөр холбогдоод байж байна. Хувь хүмүүсийн хооронд болсон харилцаанд тоглолтын зохион байгуулагч бид буруутгагдаж буй нь өрөөсгөл юм” гэсэн тайлбар өглөө. Бичлэг дэх эмэгтэй өдгөө гадаадын улсад байгаа юм байна.
.