Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэснийг мэдээлсэн.
УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61,3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна.
“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна.
“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилжээ. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.
Улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн Хөтөлийн “Цемент, шохой” үйлдвэр бүлэглэлийн гарт ороод байсныг төрд буцаан авсан нь ийнхүү дуулиан болж байна. Улсын үнэ цэнтэй зүйлийг үнэгүй шахам авсан бүлэглэл амаа бариад суухгүй нь ойлгомжтой учраас Шадар сайд С.Амарсайхан руу дайрч давшилж, Засгийн газрын үйл ажиллагааг элдвээр эсэргүүцэх, мушгин гуйвуулах хандлага, дайралт ихээхэн ажиглагдах боллоо.
Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг Шадар сайд С.Амарсайхан хууль бусаар хувийн өмчид халдаад авчихсан зүйл огт байхгүй. Шадар сайд С.Амарсайхан анх Хөтөлийн “Цемент, шохой” ХК үйлдвэрийн хувьчлалын асуудал болон үүсээд байгаа нөхцөл байдлыг нийтэд мэдээлэхдээ төрд яаралтай буцаан авах шаардлага байгааг дуулгасан. Шадар сайд ч уг асуудлыг нэг удаа хөндөөд орхиогүй, өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байж, төрд буцаан авч чадсан. Үүгээрээ С.Амарсайхан улс төр, бизнес бүлэглэлд том дайсантай болж байгаа ч ард түмэнтэйгээ үлдэж чадлаа.
Харин Шадар сайд С.Амарсайхан энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Төр өмчөө буцааж авч байна л гэсэн үг. Хөгжлийн банкинд 270 орчим тэрбум төгрөгийн өртэй байна. Менежмент, удирдлагыг нь сайжруулж, олон нийтийн, хувьцаат компани болох ёстой.
Хүн бүр үр өгөөжийг нь хүртдэг, улс оронд чөлөөт зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээ өндөр чанартайгаар зах зээлд нийлүүлэх, цаашлаад экспортлогч болох боломжтой.
Хөтөлийн “Цемент шохой” ХК бол 30 жилийн түүхтэй үйлдвэр. Зээлийн өрийг төр төлөхгүй, ААН өөрөө төлж барагдуулна” гэсэн юм.
Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд арилжаад менежмент, өрсөлдөх чадвар нь сайжирсны тод жишээ “Монгол шуудан” компани юм. Тус компанийн хувьцааны 66 хувийг төр мэдэлдээ үлдээгээд, 34-ийг нь арилжсан. Ингэснээр алдагдалтай ажилладаг байсан компани ашиг олж, зах зээлийн үнэлгээ нь 98.6 тэрбум төгрөгт хүрэн, гурав дахин өсөөд байна. “Монгол шуудан”-гийн жишгээр “Хөтөлийн цемент шохой” компанийн хувьцааг олон нийтэд арилжих нь ээдэрсэн хувь заяаг нь тэгшитгэх хамгийн сонгодог арга буй за.