АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, орон нутагт ажиллаж байна. Тэгвэл уржигдар буюу энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллах үеэр иргэдэд нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдээлэл бүхий сонинг тараасан байна.
Тодруулбал, нэр дэвшигч Х.Баттулгыг түүхэн дэх хамгийн хар ерөнхийлөгч хэмээн тодорхойлж, сэтгүүлч Л.Болормаа агсан болон Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн агсны үхэл тэргүүтэй хэд хэдэн хүн амины хэргүүдэд холбоотой хэмээх мэдээлэл бүхий “Offshore news” нэртэй сонинг иргэдэд тараажээ.
Мөн түүнийг 4-5 орчим хулгайн хэрэгт холбогдуулан уг сонинд бичжээ. Харин нэр дэвшигч Ж.Батсуурийн тухай хэрэв намын даргаар сонгогдвол маш хурдан хугацаанд намаа эмхэлж чадах хүн хэмээн тодорхойлж, ажлын туршлагыг жагсаан түүний өрсөлдөгчийнхөө тухай ярьсан “Миний өрсөлдөгч Х.Баттулгыг сонговол энэ нам нэгдэх нь байтугай улам бүр жижигрэн бутарна. Х.Баттулга 32 жил хийж чадаагүй байж одоо чадна гэдэгт итгэхгүй ” гэсэн яриаг нь нийтэлжээ. Сонинг хэн, хаанаас тарааж байгааг мэдэх боломжгүйгээр айлын хашаа болон хаалганы завсар хавчуулж үлдээж байгаа аж.