Эх дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гаргаж яваа олон сайхан залуучуудын нэг бол О.Оюунцэцэг билээ. Тэрээр “OOGII” хэмээх бренд гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнхийг үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулж яваа авьяаслаг бүсгүй. Австралид удаан ажиллаж амьдарсан тэрбээр австрали нөхөртэй. өнгөрсөн 11 дүгээр сард бага хүүгээ төрүүлж, хоёр хүүхдийн ээж болсон юм. Том хүү нь 11 дүгээр анги.
Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй явган хүний замын талаар өөрийн санаа бодлоо хуваалцжээ. Тэрээр “Монголд хүүхдийн тэрэг явах зам байхгүй нь нялх биетэй ээж нарыг бие мах бодь сэтгэл зүйн хувьд хурдан тэнхрэх боломжийг олгохгүй байгаа юм шүү дээ…
Төрсөний дараа хэн нэгнээс, хань ижлээсээ хараат бусаар (ганцаараа ч хүүхдээ өсгөж буй хүн байгаа шдээ) гадаа гараад алхдаг, ажлаа амжуулж чаддаг тэр орчинг нь бүрдүүлэх ёстой. Тийм лакшири зүйл хүсээгүй – эрдэнийн чулуугаар зам хий гээгүй энгийн л нэг явган хүн, унадаг дугуй, тэрэг хуваалцаад явдаг замтай байхад болж байгаа юм.
Үүнийг Монгол Улсын Эрхэм Эмэгтэй гишүүд анхааралдаа авч, төсөл болгон хэрэгжүүлэх “ҮҮРЭГТЭЙ” шүү… Та бүхэн ядаж л эмэгтэй хүнийхаа хувьд энэ зовлон жаргалыг ойлгох учиртай!
Зөвхөн энэ асуудлыг шийдсэнээр эх үр эрүүл саруул өсөх анхны суурийг тавьж, цаашлаад гэр бүл бат бөх байх боломж – хувь өсөх юм шүү.
Аз жаргалтай ээж, аз жаргалтай хүүхдийг өсгөж, аз жаргалтай гэр бүлийг бий болголцдог юм шүү! Хүүхдийн тэрэг явдаг замтай болгож өгнө үү эрхэм эмэгтэй гишүүд ээ
Дараагийн асуудал нь амарч зугаалах ногоон байгууламж, талбай!”хэмээжээ.