2020 оноос эхлээд 50 сая төгрөгөөс доош орлоготой иргэдээс 1%-ийн татвар авдаг болох татварын хууль хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл 12-р сар урлаг, соёлынхоны хувьд хамгийн их орлого олдог сар. Тэд жилийн хамгийн их орлогыг энэ сард шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд оролцсоноор олдог.
Судалгаагаар олны танил рок попынхон энэ сард багадаа 50 сая төгрөгийн орлоготой байдаг. Харин залуу уран бүтээлчдийн шинэ жилийн тоглолтын дундаж ханш 1,5-3 сая төгрөг байна. Харин хөтлөгч 3-5 сая төгрөгийн ханштай байна.
Олны танил дуучдын уран бүтээлийн ханшийн мэдээллийг хүргэж байна.
Б.Мөнхбат: Орлогоо нуун дарагдуулбал 30%-ийн торгууль ногдуулдаг
Хоёр уран бүтээлч тутмын нэг татвар төлдөггүй гэсэн судалгаа гарчээ. Жишээ нь Хан-Уул дүүргийн уран бүтээлчдийн 57% нь ХХОАТ төлдөг.
Үлдсэн 43% төлдөггүй. Тэд 50 саяас доош орлогынхоо 1 хувиар хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой. Гэвч ихэнх нь татвараа үнэн зөвөөр мэдүүлдэггүй. Хэрвээ орлогоо нуун дарагдуулсан тохиолдол 30 хувийн торгууль ноогдуулдаг.
Өнөөдрийн байдлаар ХУД-т ₮7,7 тэрбумын ХХОАТ төвлөрчээ
ХУД-т татвар төлдөг 129,000 иргэн байдаг. Үүнээс 81,000 хүн ХХОАТ төлөх ёстой. Тэдний 11,000 буюу 13% цалингаас бусад орлоготой (үүнд урлаг соёлынхон багтана) бол үлдсэн 70,000 буюу 87% нь цалингийн орлогоос ХХОАТ төлдөг.
Татварын дүнг харвал ХХОАТ төлдөг хувиараа ажил эрхэлдэг 11,000 хүнээс
- 2019 онд 1152 хүн буюу 10,5 хувь нь 7 тэрбум төгрөгийн татвар төлсөн
- 2020 онд 2163 хүн буюу 20 хувь 21,3 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол
- 2021 онд урьдчилсан байдлаар 7,7 тэрбум төгрөг төлсөн гэсэн дүн мэдээлэлтэй байна.
ХУД-ийн Татварын хэлтсийн хувь хүний татварын тасгийн дарга Б.Мөнхбат:
Тайлангаа өгдөг урлаг соёлын одод бол цөөхөн. Гэхдээ бас бүгд өгдөггүй гэсэн үг биш юм. Жишээ нь хөтлөгч Д.Одзаяа, жүжигчид сайн тайлангаа өгдөг. Сүүлийн үеийн залуу дуучид ирж маш сайн тайлан өгч, татварын харилцаанд ордог. Энэ нь хамтарч ажиллаж байгаа байгууллагууд хасагдах зардлаа тайлагнахын тулд заавал НӨАТ-ын баримтыг урлагийнханаас авах шаардлага бий болдогтой холбоотой.
Ингэснээр тэдний орлого ил болдог. Тайлангаа хоцроосон тохиолдолд 150 нэгжээр торгох хуулийн зохицуулалттай.
Харин олсон орлогоо тайлагнаагүй хувь хүнд шлгалт явуулж, хэрвээ орлогоо нуун дарагдуулсан тохиолдолд олсон орлогынхон 30 хувиар торгодог. Жишээ нь 100 сая төгрөгийн орлого олж нуун дарагдуулсан бол 30 сая төгрөгөөр торгуулна гэсэн үг юм.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат үлгэр жишээ төтвөр төлөгч
Хөгжмийн зохиолч Б.Чинбат: Миний хувьд урлагийн салбарт хөл тавьснаасаа эхлэн тайлангаа тогтмол өгч, татвараа төлж байна.
Монгол Улсын иргэн бүр татвараа төлөх ёстой. Бидний төлсөн татвараар эмнэлэг, цагдаа, онцгой байдлын ажил урагшилдаг. Тийм учраас бид татвараа цаг тухай бүрт нь төлөх ёстой.
Эх сурвалж: Time.mn