“Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярвааг их хэмжээний авлига авсан хэргээр баривчилж, саатуулсан ч багахан хэмжээний мөнгөн дүнгээр торгоод сулласан. Ингэхдээ гадаад руу зорчих эрх, төрд ажиллах эрх хоёрыг нь хориглосон шүүхийн шийдвэр гарсан.
Түүний оронд “Эрдэнэс Монгол”-ын захирлын үүрэг гүйцэтгэгчээр Тэргүүн дэд захирал О.Хулан гэх эмэгтэйг томилсон юм. Түүнийг хоёр долоо хоногийн өмнө жинхлэх асуудал яригдсан ч Засгийн газар хойшлуулсан бөгөөд удахгүй жинхлэх сурагтай.
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ ТҮР ОРЛОГЧ ХУЛАН ГЭЖ ХЭН БЭ?
“Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирал зуурдаар таалал төгссөн бөгөөд түүний оронд О.Хулан өнгөрсөн наймдугаар сард томилогдсон. Харин түүний хувьд улс төрийн намтар тун багатай ч улс төрийн хүрээнд MCS-ийн хүн гэх нь бий.
О.Хулан нь тус компанийн Тэргүүн дэд захирлаар томилогдохоос өмнө “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн төсөл хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Харин түүний нөхөр Ю.Энхтүвшинг тус компанийн Ерөнхий захирлаар ажилладаг гэсэн мэдээлэл бий.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч, цианит натри агуулсан уусмал асгарсан осол 2020 оны арванхоёрдугаар сард гарч байсан.
Түүнээс үүдэж, тус компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд зогсоож, натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байгаа юм.
Энэ үеэр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хүлээн авч уулзаж, тус компаниас удаа дараа ийм осол гарч байгаа нь тухайн компанийн цаашдын үйл ажиллагаа болон бусад компанийн алтны үндсэн ордын ашиглалтад сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцлон, анхааруулж байв. Тус компанитай холбоотой цианит асгарсан, алдагдсан хэд хэдэн хэрэг гарч байсан ч тэгсгээд намждаг, хэрэг нь алсардаг гэх.
Улс төрийн хүрээнд О.Хуланг түр томилсон бөгөөд энэ хугацаанд “Эрдэнэс Монгол”-д хэд хэдэн стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг нэгтгэж, өөр хүн томилно хэмээн яригдаж байв. Гэвч түүнийг энэ удаад жинхлээд, удахгүй “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет” зэрэг компаниудыг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэхээр тохиролцсон гэх мэдээлэл байна. Ингэхдээ мөн MCS талынхны дэмжлэгээр О.Хуланг томилж магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа юм.
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-Д “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭРДЭНЭТ”, “МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ИЙГ НЭГТГЭНЭ
Засгийн газраас үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах, заримыг нь нэгтгэх асуудлыг шуурхайлан хийж буй. Үүний хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” зэрэг стратегийн ач холбогдол бүхий гурван компанийг нэгтгэх улс төрийн шийдэлд хүрсэн гэнэ.
Ингэж нэгтгээд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдыг томилно гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөөд буй. Гэвч улс төрийн хүрээнд захирлын томилгооны асуудал өөрчлөгдөж, одоогийн түр орлон гүйцэтгэж буй О.Хуланг томилж магадгүй гэх мэдээлэл ч бий.
Ямар ч гэсэн томоохон стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг нэгтгэнэ, ингэхдээ хэн нь хүнээ томилох, хэн нь томилогдох вэ гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна.
Чухам энэ компаниудыг нэг удирдлагад нэгтгэх нь улс төрийн хувьд төдийгүй Засгийн газарт маш ашигтай шийдэл болно. Гэхдээ одоогоор энэ бүхэн албажаагүй ч тун удахгүй МАН-ын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориготойгоор шийдвэр гаргах гэнэ.
Ш.ЧИМЭГ
Эх сурвалж: NEWS.MN