Pfizer вакцины III тун ковидын омикрон хувилбараас хэсэгчлэн хамгаалж байгаа нотолсоноо зарлалаа. Тодруулбал коронавирусийн халдварын эсрэг Америк, Германы Pfizer/BioNTech компанийн гарган авсан вакцин шинэ хувилбар болох “омикрон”-оос хэсэгчлэн хамгаалж байгааг ӨАБНУ дахь Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаа харуулсан талаар ВВС мэдээллээ. Өмнөд Африкийн судлаачид Pfizer/BioNTech вакцины бүрэн буюу хоёр тунд хамрагдсан 12 хүний сийвэнгээс дээж авч судалгаа хийж омикроныг саармагжуулах чадварыг туршиж үзсэн байна. Судалгаагаар вакцины бүрэн тунд хамрагдсан хүнээс бүүстер буюу III тунгаа хийлгэсэн хүний эсрэг бие омикрон хувилбараас 45 дахин илүү хамгаална гэж гарчээ.
Коронавируст халдварын В.1.1.529 буюу омикрон хувилбарыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали зэрэг 57 улсад зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхийн ихэнх улсууд халдварын тохиолдол бүртгэгдсэн Африкийн улсууд болон эдгээрийн хөрш зэргэлдээ улсуудтай үйлддэг шууд нислэгээ зогсоох, тухайн бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч буй юм. Тухайлбал Израиль, Япон улсууд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC