УДЭТ-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр хоёр театраасаа гарч, “Х ТҮЦ” хамтлагаас “банш” Батааг, “Шинэ үе” продакшнаас Батушкаг урвуулаад “Мөрөөдлийн театр”-ынхаа шавыг тавьсан.
“Мөрөөдлийн театр” байгуулагдаад 10 жилийн нүүрийг үзэж 20 гаруй жүжигчинтэй болжээ. Энэ арван жилд Мөрөөдлийн театрын тавьсан жижиг, хийсэн кино, уран бүтээл нь урт жагсаалт болно.
Мэдээж энэ амжилтанд хүрэхэд нь Алтаншагай, Эрхэмбаяр, Батаа, Ааяа зэрэг жүжигчдийн заавар зөвлөгөө, Баярмаа, Чука зэрэг залуу жүжигчдийнх нь зүтгэл хөдөлмөр оролцсон байх.
Үүнээс гадна Алтаншагайгийн эхнэр, ТВ5 телевизийн хөтлөгч Насаагийн гавьяа ч их бий. Мөрөөдлийн театрын маркетинг, арын албыг Тэргүүн хатагтай гэж хэлж болох Насаа залгуулдаг.
Өөрөөсөө зургаан насаар эгчмэд телевизийн хөтлөгч бүсгүйг эхнэр болгон авсан Алтаншагайнх хоёр хүүтэй болж, ам дөрвүүлээ болсон. Алтаншагай ууган хүүдээ “Аравт” кинонд тоглосон баатрынхаа дүрийн нэр болох Уужим нэрийг хайрласан билээ.
Жүжигчин Г.Алтаншагай Хэнтий аймгийн харъяат. Сүүлийн хоёр Ерөнхий сайд Хэнтий аймгаас тодорч, Н.Алтаншагай нутгийнхаа ерөнхий сайдын хаялгыг хүртэж, урлагийнхан хөл хорионд орсон ч улс төр орчмоос мөнгө олох болжээ. Тэрчлэн эхнэр С.Насанжаргал нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн эргэн тойрноос “мөнгө босгож”, сүүлдээ Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар удирдах алба хашин, Г.Алтаншагайгийнх гэдэг айл өнгөтэй байна.
Зургаан насыг харш жил гэдэг ч С.Насанжаргал, Алтаншагай хоёрын амьдралын зам сайхан нийлж байгаа бололтой.