Хэд хоногийн өмнөөс иргэд шатахуун худалдан авахын тулд урт дараалал үүсгэн зам дээр хонож байна. Үүнийг овжин ашиглагчид ч бий болов. Жишээлбэл, зарим ШТС-уудаас иргэд 40 мянган төгрөгийн талон авахын тулд мах худалдан авч байгаа тухайгаа хэлж байлаа.
Баянбүрдийн тойргийн урд талд байрлах “Super-92” шатахуун түгээх станцаас бензин худалдаж авахаар зам дагуу машины урт дараалал үүсчээ. Жолооч нарын зарим нь хоносон бол нөгөө хэсэг нь үүрийн 03:00, 06:00 цагт ирж шатахуунд дугаарлаж шатахуун авахын тулд заавал мах худалдаж ав гэсэн шаардлага тавьж байсан билээ. Шатахуун түгээх станцын дэргэд байрлах мухлагаас мах худалдаж авахаар шатахууны 40 мянган төгрөгийн талон зарсан бөгөөд уг асуудлыг ШӨХТГ шалгаж хууль зөрчсөн нь батлагджээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа:
Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн “Синчи фүүдс” ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
“Синчи фүүдс” ХХК нь өөрийн нэрийн “Махлаг” махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд “Супер 92” шатахуун түгээх станцаас 40,000 төгрөгийн шатахууны талон олгож гэх үйлдэлд 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ны өдөр хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулав.
Хуулийг сийрүүлбэл;
Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт – Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.