Өнөөдөр буюу 2021 оны 09 сарын 23-ны өдөр Засгийн газар шатахууны асуудлаар ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаан өнөөдөр 15:30 цагт болох бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой даваа гарагт уулзсан.
Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол даваа гарагаас эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахууны нөөц багассан тул хязгаарлалт тогтоож, шатахуун авах гэсэн иргэдийн урт дараалал үүсээд буй.
Салбарын сайдын даваа гарагт өгсөн мэдээллээр шатахууны хангамж 5-7 хоногийн дараа тогтворжино гэсэн юм. ШТС-ууд талон болон карттай хэрэглэгчид шатахуун олгож байгаа асуудлыг нэн даруй зогсоох шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн. Мөн ШТС-ууд онцгой хэрэглэгчид болох эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албыг нэн тэргүүнд хангах үүргийн хүрээнд хэрэглэгчид олгох шатахуунд хязгаарлалт тогтоогоод байгаагаа мэдээлээд байгаа юм.