УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ МОНГОЛД ХОЁРТ ОРОХ КОКСЖИХ НҮҮРСНИЙ
ОРДОД ХУВЬ ЭЗЭМШДЭГ
Тамирчин, тэр тусмаа бөхчүүдээс Монголд томоохон бизнесмэнүүд төрсөн. Сайн бизнесмэн, хүчит бөхчүүдийн нэг Ц.Цэрэнпунцаг уул уурхайн бизнест тавьсан нь амжилттай явж, УИХ-ын гишүүн боллоо.
Монгол үндэсний бөхийн түүхэнд “хүчит зургаан заан” гэж алдаршиж үлдсэн бөхчүүдийн нэг нь Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг. Түүнийг бөхчүүд дотроо хамгийн боловсролтой нь гэдэг. Цэрэнпунцаг Америкт явж суралцсанаар ид сайхан барилдах үеээ хий алдсан гэж бөх сонирхогчид харамсдаг. Хожим төрсөн ах Ц.Бэгзсүрэнгээ хэрэгт орооцолдсоноос нь хойш бөх барилдахаа бүрмөсөн больсон. Үндэсний бөхөөс чимээгүйхэн зодог тайлсан ч бизнес эрхэлж, манай үндэсний томоохон хөрөнгөтнүүдийн нэг болсон. Спортын SPS спортын төрөлжсөн суваг Ц.Цэрэнпунцаг гарьдынх. Тэрбээр бөхийн спортоо хаясны дараа архины “Жем” үйлдвэрийг хөлд дээр нь босгож, үүрэн телефоны G mobile-ийг нэвтрүүлсэн шилдэг бизнесмэн.
Ц.Цэрэнпунцаг гарьд Түвд ренбүүчид шавь орж, гэнэн сахил хүртсэн гэдэг. Цэрэнпунцаг гарьд мөн уул уурхайн бизнес эрхэлж байна. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire mining” компани Монгол Улсын хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хайгууль хийж, хамгийн том нүүрсний орд илрүүлэн эзэмшдэг. Энэ нь коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт орох орд.
Олон улсын ангиллын Овоотын коксжих нүүрсний ордын “Овоот” төсөл болон Жилчигбулаг, Мянганы нүүрсний төслүүдийг 100 хувь эзэмшдэг. Мөн “Эх говийн чулуу” буюу “ЭГЧ” ХК нь хамтарсан компанийн 50 хувийг, нүүрсний хайгуулын хоёр төсөл буюу Нүүрстэйн коксжих нүүрсний төсөл болох Нүүрстэй, Эрдэнэбулаг Нүүрсний төсөлд тус тус хувь эзэмшдэг аж. Монгол Улсын иргэн Цэдэндамбын Цэрэнпунцаг өмнө нь энэ компаний 16.6 хувийг эзэмшдэг байсан бол одоо нэмэгдүүлж 27.4 хувь болгон нэмэгдүүлээд байгаа талаар Австрийн хэвлэлд мэдээлсэн. Тэгвэл одоо Австралийн Перт хотод төвтэй “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг боллоо. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 51 хувийн хувьцааг худалдан авах 33.5 сая ам.долларын санхүүжилт эцэслэгджээ.
Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг 51 хувийн хувьцаа худалдан авах хүсэлтээ илэрхийлж байсан юм. Тэрбээр тус компанийн 476 сая ширхэг хувьцааг 10 сая ам.доллароор худалдан авсны дараа “Noble” группт төлөх 2.4 сая ам.доллартай дүйцүүлж 161 сая ширхэг хувьцааг шилжүүлж байсан удаатай. “Aspire mining”-ийн үндсэн Овоот төсөл нь 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй. Уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой юм.