Дуучин Баяр агсан амьд сэрүүн байсан бол одоо “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхантай зиндаархах сайн дуучин байх байлаа. Харамсалтай нь цаг бусаар их эрт бурхны оронд одсон. Баяр агсны ганц хүү Б.Хонгор дуучин болж, хэд хэдэн цомог тоглолтын ард гарсан сайн дуучин.
Б.Хонгор цэцэрлэгт байхаасаа дуулж, бага балчир насандаа СТА болсон түүхтэй дуучин. Харин Б.Хонгор 2012 онд хуримаа хийснээс хойш урлагийн тайзнаас холдлоо. Тэрээр “MCS” группийн харьяа “Skyresort” цанийн баазын захирал Батсуурийн охин Б.Анартай гэрлэсэн юм.
Дуучин Б.Хонгор цэцэрлэгийн бяцхан хүү байхаасаа урлагийн тайзтай хувь заяагаа холбосон нэгэн. Тэрбээр Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Хятад хэлийг сайн эзэмшсэн нь бусад дуучдаас ялгаран онцгойрох тал болдог. Б.Хонгор эхнэртээ зориулан дуу гаргаж байсан романтик нэгэн.
Хөрөнгө бэлтэй айлын хүргэн болж, бизнесийн салбарт хөл тавьснаар уран бүтээлээ туурвихаа больж, хувийн бизнестээ анхаарч яваа Б.Хонгорын дуу хоолойг фэнүүд нь үгүйлдэг. Монголын эстрад урлагийн анхдагчийн нэг болох Баяр агсны хүү Хонгорыг тайзан дээрээс харахыг хүсдэг хүн бишгүй их. Авьяаслаг аавын хүү амьдрал, бизнесээ төвхнүүлээд их урлагт эргэн ирнэ биз…